sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч бөгөөд, Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч  Д.Тэрбишдагва Вьетнам улсын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд Монгол улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Сүүлийн жилүүдэд уламжлалт найрсаг харилцаа идэвхжиж байгаа бөгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч  өнгөрсөн  онд танай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва онцолсон.

Уулзалтын үеэр Дэд сайд Данг Минь Хой Вьетнамын тэргүүн Шадар сайдын мэндчилгээг уламжлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг өндрөөр үнэлж явдагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн тулд  өндөр дээд хэмжээний айлчлалыг дахин хийх хэрэгтэй байна.

Тиймээс  ирэх оны гуравдугаар сард Вьетнам улсад зохион байгуулагдах “Дэлхийн парламентын Олон улсын чуулган”-д  Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг оролцохыг урьж байна гэдгээ хэлсэн. 

Мөн  хоёр улсын хамтын ажиллагаанд зам тээврийн асуудал хүнд байдаг. Худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахаар олон жил ярьсан ч төдийлөн санасан хэмжээнд хүрч чадахгүй байгаад хоёр  тал санал нэг байв.

Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва Монгол Улс зүүн өмнөд Азийн орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, АПЕК-т гишүүнээр элсэх, зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын оролцогч, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилттой ажиллаж байгаагаа тэмдэглээд, Вьетнамын тал  биднийг байнга дэмжиж хамтран  ажиллаж ирсэн талархалаа илэрхийллээ.

Ирэх онд Улаанбаатар хотноо хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болох аж.