sonin.mn

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дугаар зорилтын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад түншлэлийг сайжруулж, тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүдэд хүргэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбаруудын оролцоог идэвхижүүлэх зорилгоор “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт гурван өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

 Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн, Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж, Эрүүл мэндийн газар,Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зохион байгуулж, Дархан-Уул аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үйлдвэр аж ахуйн газрууд, ахмад, сурагч, оюутан залуусын төлөөлөл, зорилтот бүлгийн эмэгтэйчүүд хамрагдав.  

 “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” сэдэвт арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаас 2014 оны 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж байгаа “ГАРЦ” арга хэмжээг идэвхжүүлж, зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт 114 эмэгтэйг хамруулж, жирэмснээс хамгаалах эм 105, тариа 16, бэлгэвч 824, ерөндөг 34, суулгац 3, нийт жирэмслэлтээс хамгаалах 986 арга хэмжээг авлаа. Мөн ДОХ, бэлгийн замын халдвараас сэргийлэх шинжилгээг 81 хүнд хийж, 257 эмэгтэйд НҮЭМ-ийн зөвлөгөө өгсөн байна.

 Арга хэмжээний хүрээнд “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” 500 эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, 150 эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг болон ухуулга нөлөөллийн ажлыг зохион байгуулж, “Гэр бүлийн аз жаргал”, “ Гэр бүлийн амьдралд эмэгтэйчүүд бид”, “Эрэгтэй, эмэгтэй хүний хандлагын ялгаа”, “Монгол эмэгтэйчүүдийн хатан ухаан” зэрэг сэдвүүдээр “Ногоон зүрх” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвсүрэн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Р.Олонбаяр, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх Б.Дэмбэрэлмаа, “Дэлхийн зөн” ОУБ-ын менежер Б.Батзаяа нар сонирхолтой лекц уншив.  

Мөн хэлэлцүүлэгийн үеэр эрүүл мэндийн байгууллагуудын “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хийсэн шинэлэг ажлуудыг танилцуулж, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг нярайн асаргаа сувилгааны гардан үйлдлийн зөвлөгөө өглөө. Хэлэлцүүлэгт салбар бүрийн эмэгтэйчүүд идэвхитэй оролцож, олон асуудлыг дэвшүүлж, санал гаргасан бөгөөд эдгээрийг нэгтгэж, холбогдох байгууллагуудад асуудлыг тавихаар Эрүүл мэндийн газар, НХҮХ-ийн хамтарсан баг ажиллаж байна.