sonin.mn

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж, сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлээс стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дэвшин хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын 2014 оны төлөвлөгөөний дагуу хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх 8 дугаар зөвлөлдөх уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдав. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНХАУ-ын ХАЧА-ийн Жанжин штабын дэд дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн нар даргалан явууллаа.

Хоёр орны БХЯ-д хооронд жил бүр зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж ирсэн бөгөөд энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, манай УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд илэн далангүй, найрсаг, харилцан хүндэтгэсэн, итгэлцсэн, бодит, бүтээлчээр хандсан уур амьсгалд, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Талууд өнөө үед дэлхий дахинд аюулгүй байдалтай холбоотой нарийн төвөгтэй өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, Монгол Улс, БНХАУ нь сайн хөрш, харилцан итгэлцсэн стратегийн түншийн хувьд бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсч байгааг харилцан илэрхийлсэн.

Мөн түүнчлэн талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын цэргийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа болон шинэ зуун, түүхийн шинэ эхлэлд, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ хэлбэрийг тасралтгүй эрэлхийлэх, цэргийн бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсч байгааг харилцан илэрхийлэв. Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар тодорхой чиглэлээр тохиролцоонд хүрч, зөвлөлдөх уулзалтын протоколдМонгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНХАУ-ын ХАЧА-ийн Жанжин штабын дэд дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтын дараагаар “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол”-д Монгол Улсын БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Д.Ариунболд, БНХАУ-ын БХЯ-ны ГХЕГ-ын орлогч дарга хошууч генерал Зи Гуовей нар гарын үсэг зурав. Энэхүү протоколыг байгуулснаар БНХАУ-ын БХЯ-наас 13 сая юаньтай тэнцэх хэмжээний цэргийн барилга-инженерийн техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Зэвсэгт хүчин буцалтгүй тусламжаар хүлээн авах юм.

Мөн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, хурандаа генерал Чан Ванцюань хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал батлан хамгаалах салбарын харилцааны өнөөгийн түвшинд явагдаж буй үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт санал нэг байгаагаа харилцан илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг Шанхай хотын гарнизон болон Ханжоу хотын цэргийн дэд тойргийн удирдлагууд хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтын хугацаанд Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид “Xinxing”, “Norinco” зэрэг БНХАУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн нэгдлүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож харилцан хэрэгцээтэй мэдээллээ авч, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал, санаачлага дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааг шинэ утга агуулга, хэлбэрээр баяжуулсан, улмаар хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэлээ.