Сангийн сайд Д.Хаянхярваагаас нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх талаар тодрууллаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад хэзээнээс нэг сая төгрөгийг олгож эхлэх вэ?


-Нэг сая төгрөгийг “Эрдэнэс таван толгой”, Эрдэнэт үйлдвэрээс олох орлогоор “Хүний хөгжил сан”-д мөнгө төлөвлөсөн. Энэ мөнгө орж ирсний дараа 334 тэрбум төгрөгөө өгнө. Энэ тал дээр “Эрдэнэс Таван толгой”, Эрдэнэтийн үйлдвэрийн санхүүгийнхэнтэй байнга холбоотой ажиллаж байгаа. Эхний санхүүжилт тавдугаар сарын 15-наас орж ирэх хандлагатай байна. Тийм учраас ямар ч байсан сонгуулийн өмнө 334 тэрбум төгрөгөө хоёрдугаар улиралдаа багтаагаад олгоно гэсэн ерөнхий төлөв харагдаж байна.


-Энгийн иргэдэд хэзээнээс нэг сая төгрөгийг олгох вэ?


-Иргэд нэг сая төгрөгтэй холбоотой бичиг баримтаа бүрдүүлж байгаа. Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулаад иргэдээс хувьцаагаа мөнгө болгох уу, эсвэл орон сууцны зээл, бусад зээлийн хэлбэрээр авах уу гэж асуулгаж байгаа. Энэ дүн тавдугаар сарын 20 гэхэд гарах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүн хувьцаагаа зарж бэлэн мөнгө болгох, хэчнээн нь орон сууц, цалингийн зээлд хамруулах вэ гэдэг тоо судалгаагаар гарна. Үүний дараа тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын нэгэн гэхэд амжвал гадаад зах зээл дээр амжихгүй бол дотоодын аж ахуйн нэгжүүддээ Таван толгойн хувьцааг зарах талын зохион байгуулалтын арга хэмжээг хийнэ. Дотоодын зах зээл дээр аж ахуйн нэгжүүд хувьцааг худалдаж аваад мөнгө нь орж ирсэн тохиолдолд иргэдэд нэг сая төгрөгийг олгоно.


-Хүмүүс хувьцаа олгох, үгүйд эргэлзэж байна. Яг хэзээнээс олгож эхлэх бол?


-Нэг сая төгрөгийг 2012, 2013 оныг дамнуулан олгох байх. Иргэд нэг сая төгрөгийг олгоно гэдэгт итгэлтэй байх ёстой. Хамгийн гол нь тэр их мөнгө нэг дор бөөнөөрөө орж ирэхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: "Өглөөний сонин"