sonin.mn

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг шүүх хурал өчигдөр 13:00 цагт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.

Түүнийг хэвлэлд ярилцлага өгөхдөө жиргээчдийн нэр төрд халдсан хэмээн үзэж, жиргээчдийн нэг, иргэн Т.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргасан юм. Харин шүүх бүрэлдэхүүн иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг хэлэлцээд бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Шүүх хурлын дараа Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж “Иргэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөр ярих зүйл алга” гэв.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлага өгөхдөө “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг.

Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг байна билээ.

Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог.

Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй”
гэж жиргээчдийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Н.Алтаа

Эх сурвалж: