sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн хямралтай тэмцэхэд туслахын тулд “Band Aid" буяны үйлсийн төслийг сэргээжээ. Одоогоос 30 жилийн өмнө өлсгөлөнтэй тэмцэхэд туслахын тулд энэ төслийг анх санаачлан хэрэгжүүлж байв.

“Band Aid” буяны үйлсийн дууны шинэ хувилбарыг бичүүлэхийн тулд Лондоны нэг студид 20 орчим хөгжимчин, хамтлаг цуглажээ.

Рок дуучин Боб Гелдоф уг төслийг зохион байгуулжээ. Этиоп улсад өлсгөлөнтэй тэмцэхэд туслахын тулд 1984 онд бусад хөгжимчний хамт тэрбээр энэ төслийг санаачилж байсан юм.

Төслийн багт Ирландын “"U2" рок хамтлагийн гоцлол дуучин Боно, таван гишүүнтэй хөвгүүдийн "One Direction" хамтлаг багтжээ.

“Зул сар гэж та мэдэх үү?”  дуунд “Эбола” халдвартай хүнээс хүнд дамждаг гэсэн агуулга багтаан шинэчилжээ.  Мөн өмнөх дууны зарим үгийг “Хайрын ганц үнсэлт ч таны аминд хүрч болзошгүй” гэсэн мөрөөр сольсон байна.

Шинэ дууг компакт дискэнд буулгахаас гадна интернэтээс утсандаа татах боломжтой аж. Цугласан мөнгийг Баруун Африкт “Эбола”-тай тэмцэхэд туслахад зарцуулна.

Эх дуу нь 11 сая доллар босгож байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: