sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Олон улсын терроризмын талаарх судалгаанаас үзвэл, 2012-2013 онд терроризмын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 61 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 44 хувиар их буюу 10 мянга орчим террорист халдлага  болсон гэж “Дэлхийн терроризмын индекс-2014”-т бичсэн байна.

“Лалын улс”, “Аль-Каида”, “Боко Харам”, “Талибан” гэсэн босогчдын цэрэгжсэн дөрвөн бүлэглэлийн халдлагад хүмүүсийн олонх нь амь үрэгдсэн аж.

Уг индексээс харвал, өнгөрсөн онд Ирак терроризмд хамгийн их нэрвэгджээ.

“Эдийн засаг, энх тайвны төлөө хүрээлэн” олон улсын ашгийн бус байгууллагын мэдэгдсэнээр, 2013 онд террорист халдлагуудад 18 мянга орчим хүн амиа алдсан байна.

Уг индекст улс орнуудыг террорист ажиллагааны нөлөө, террорист халдлагын тоо, терроризмын улмаас амь үрэгдсэн, шархдаж гэмтсэн хүмүүсийн тоо болон эд материалын хохирол зэрэг хүчин зүйлд үндэслэн жагсаажээ.

Ингэхэд 2013 онд терроризмын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн 82 хувь нь Ирак, Афганистан, Пакистан, Нигери, Сири гэсэн таван улсын иргэн байсан байна. Иракт л гэхэд 6000 гаруй хүн террорист халдлагад амиа алджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: