sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Дэлхий дахинд 36 сая орчим буюу дэлхийн хүн амын 0,5 хувь боол шиг амьдарч байна гэж боолчлолтой тэмцэх кампанит ажил явуулдаг, Австралид төвтэй “Walk Free” сан мэдэгдлээ.

Тус сангийн гаргасан “Дэлхийн боолчлолын индекс” тайлангаас үзвэл, Энэтхэгт ерөнхийдөө хамгийн олон боол байгаа бол, Мавританид боолын эзлэх хувь хамгийн өндөр байна.

Мөнгөний төлөө албадан хөдөлмөр эрхэлж, өрийн төлөөсөнд байгаа, хүн хулгайлах гэмт хэргийн золиос болсон, бэлгийн мөлжлөгт өртсөн, аргагүйн эрхэнд гэрлэсэн хүмүүсийг боол гэж тодорхойлжээ.

“Дэлхийн боолчлолын индекс”-ийн тооцоо нь орчин үед боол шиг амьдарч байгаа хүмүүсийн тоог тогтоосон бусад судалгаанаас хамаагүй өндөр байна.

2012  онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага “Дэлхий даяар бараг 21 сая хүн албадан хөдөлмөр эрхлэлтийн золиос болж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж:
"Монцамэ" агентлаг