sonin.mn

Сингапур Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд ТГ-уудын дунд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Дарвуулт завины 15 дугаар цомын төлөө уралдаан тэмцээн”-д Элчин сайдын яамны хамт олон оролцон 12 дугаар байр эзэлж, Өмнөд Хятадын тэнгист Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд дарвуулт завинд тухайн улсын ДТГ-ын тэргүүн болон ЭСЯ-ны ажилтнууд дарвуулт завины спортын багтай хамтран хүч, хурд, чадвараа шалгаруулдаг юм.

Дипломат болон томоохон бизнесмэн, үндэстэн дамнасан корпорациудын удирдлагыг нэгэн дээвэр дор хуран цуглуулдаг хамгийн том арга хэмжээ бөгөөд дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих зорилгын дор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны ажилтнууд DHL компаний хамт олонтой нэгэн баг болон оролцлоо.

Энэ жил тус арга хэмжээг Бразил Улсын ЭСЯ, Чанги дарвуулт завины клубээс хамтран зохион байгуулсан бөгөөд Airbus Helicopters, DHL, Shenton Wealth Holdings, Cosmosteel, CBMM  зэрэг  компаниуд спонсороор ажиллаж, хүндэт зочноор Сингапур Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний хөгжлийн төрийн сайд Эрхэм Мохамад Малики Бин Осман оролцон шагнал гардуулсан ба 34 орны Дипломат төлөөлөгчийн газрын хамт олон авъяас билгээ уралдуулан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.