sonin.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан 11 дүгээр сарын 17-ны өдөр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаман дээр зохион байгуулсан хүлээн авалтыг нээж ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой нар үг хэлэв.

ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ өнгөрсөн жарны хугацаанд Монгол, Вьетнамын харилцаа нь хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж ирсний дээр хоёр орны ард түмэн хүнд хэцүү үед харилцан тусалж ирсэн бөгөөд он удаан жилийн нөхөрлөлд тулгуурласан бат бэх үндэс суурьтайг тэмдэглэж, уг үндэс суурийг тавихад манай хоёр орны  удирдагчид, төрийн албаныхан, дипломатууд, олон нийтийн болон найрамдлын байгууллагын гишүүд, дэмжигчдийн хүчин чармайлт, идэвхи зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэнийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Энхбат, Монгол, Вьетнамын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн, доктор С.Дашцэвэл, Ахмад дайчин Д.Алмаас нарыг БНСВУ-ын “Найрамдал” медалиар, Вьетнам, Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга асан Хоанг Минь Тханг, Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-ны хэлмэрч, вьетнамын ахмад дипломатч Ле Динь То нарыг Монгол Улсын “Алтан гадас” одонгоор, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Чан Нгуен Чык-ийг Монгол Улсын “Найрамдал” медалиар тус тус шагнав.