sonin.mn

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр /2014.11.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Б.Чимэдийн нэрэмжит шагнал олгох журам батлах тухай” захирамж гаргасан талаар танилцуулав.

Уг захирамжийн талаар Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимэдийн нэрэмжит шагналыг бий болгосон тухай хэлээд шагналыг хууль эрх зүйн чиглэлээр бүтээл туурвисан нэг эрдэмтэн судлаач эсвэл судалгааны нэг багт жилд нэг удаа буюу Үндсэн хуулийн өдрөөр гардуулахаар шийдвэрлэсэн гэв.

Тэрээр, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага судлаач, эрдэмтдийн бүтээлийг тус шагналд нэр дэвшүүлэх бөгөөд бүтээлийг 12 сарын 01-ний дотор Улсын Их Хурлын Тамгын газарт  ирүүлэх болон журмын талаарх зарим мэдээллүүд, анхны шагналыг ирэх оны эхээр гардуулах болохыг мөн танилцуулав. Түүнчлэн захирамж гарсантай холбогдуулан энэ жилийн шалгаруулалтад бүтээлийг хүлээн авах хугацаа давчуу байгаа тул ийнхүү мэдээлэл хийж байгаа тухай ч хэлж байсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимэдийн нэрэмжит шагнал нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх юм байна гэж гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.