sonin.mn

ЁНДОНГИЙН ОЧИР
/1927-2014 он/

Монголын төрийн зүтгэлтэн, “Хүндэт дипломатч” Ёндонгийн Очир 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өвчний учир таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна.

Ё.Очир 1927 оны 11 дүгээр сарын 15-нд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хуластай гэдэг газарт төржээ.

Тэрээр 1941-1944 онд Бигэр сумын бага сургууль, 1944-1949 онд Санхүү-эдийн засгийн техникум, 1950-1954 онд Намын дээд сургууль, 1957-1962 онд ЗХУ-д Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг санхүү, эдийн засагч  мэргэжлээр төгсчээ.

Ё.Очир 1949-1957 онд Санхүү-эдийн засгийн техникумд багш,  1962 онд МАХН-ын Төв Хорооны үйлдвэрийн хэлтэст зааварлагч, 1962-1984 онд Гадаад худалдааны яаманд төлөвлөгөө-санхүү эрхэлсэн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, БНМАУ-ын Гадаад худалдааны яамны сайд, 1984-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д  суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1988-1990 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг нам, төр, засгийн өндөр хариуцлагатай албуудыг олон жил  нэр төртэй хашиж байлаа.

Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд Ё.Очирын оруулсан их хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төр, засгийн газраас өндрөөр үнэлж  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон”, Ардын Хувьсгалын ойн медалиудаар шагнажээ. Ё.Очирыг Польш, Чехословак улсууд төр, засгийнхаа одонгоор мөн  шагнаж байжээ.

Улс орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан  төрийн түшээ, Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх үйлсэд цуцалтгүй хүчин зүтгэсэн, чадварлаг дипломатч Ё.Очирын бүтээлч, зарчимч, ажилсаг чанар, зохион байгуулах их авьяас, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг зан чанар хамтран зүтгэгчид, хойч үеийнхний сэтгэл зүрхэнд эгнэгт хоногшин дурсагдах болно.

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны хамт олон