sonin.mn

Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас “Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд”, “Хүүхдийн эрэмблэн ангилах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг энэ сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 31 хүн оролцсон бөгөөд хүүхдийн их эмч 6, өрх, сумын их эмч 10, 15 хүүхдийн сувилагч оролцлоо. ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго, н.Буянхишиг нар сургалтыг удирдан явууллаа.

Сургалтын үр дүнд оролцогсод дараах чадваруудад суралцлаа. Үүнд:


- Эмнэлгийн байгууллагад хандсан өвчтэй хүүхдүүдийг АВСД зарчмаар хэрхэн эрэмблэх,

- Яаралтай шинж тэмдэг бүхий хүүхдүүд,

- Хүүхдийн амьсгалд болон амьсгалын замд үнэлгээ өгөх, яаралтай тусламж үзүүлэх,

- Хүүхдийн цусны эргэлт, ухаантай байдалд үнэлгээ өгөх,

- Хүүхдэд илэрсэн цохиулалт, оврогын байдал, уналтын үед тусламж үзүүлэх,

- Суулгалт бүхий хүүхдэд илэрсэн хүнд зэргийн шингэн алдалтыг үнэлэх, шаардлагатай тусламжийг үзүүлэх,

- Тулгамдсан шинж тэмдэг бүхий хүүхдүүд,

- Яаралтай бус шинж тэмдэг бүхий хүүхдүүд,

- ЭАЯТ–ийг өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэн ажиллах зорилготой байна. Сургалтын төгсгөлд оролцогчид санал солилцон, үр дүнг ярилцлаа.

ЭХЭМҮТ-ийн их эмч О.Солонго: Оролцогчдоос авсан үнэлгээний дүнг танилцуулсан. ЭАЯТ сургалт үр дүнтэй болсон гэж үзэж байна. Оролцогчдын идэвхи сайн, ялангуяа сувилагч нар их идэвхтэй оролцсонд талархаж байна. Энд олж авсан мэдлэгээ ажилдаа нэвтрүүлж, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, анхны арга хэмжээг маш зөв авах ёстой. Бие биенээсээ харилцан суралцаж, багаараа яаралтай тусламжийг үзүүлэх хэрэгтэйг сануулья.

Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, хүүхдийн эмч Д.Ганчимэг: Энэ сургалт их ач холбогдолтой боллоо. Манай хамт олон амь тэнссэн хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулах зорилготой ажиллана.

Цаашид энд олж авсан мэдлэгээ бусад эмч сувилагч нартаа зааж, багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, ур чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Энэ сургалтыг анхан шатны нэгж болон эмнэлгүүдэд тогтмол явуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Ялангуяа дадлагын хичээлүүд их үр дүнтэй сонирхолтой байсан.

Ахлах сувилагч н.Жаргалтуяа: Хичээл их үр дүнтэй байсан. Цаашид ЭАЯТ –ийг ирсэн бүх хүүхдэд эрэмблэн анхны тусламжийг зөв үзүүүлнэ. 20 секунд их богино учир ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Багш нартаа их баярлалаа.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амгалан: Сургалт маш их хүртээмжтэй боллоо. Эмч нарт тохиолддог хэцүү боловч эмч болгоны зайлшгүй мэдэх зүйлүүдийг зааж өгсөнд баярлаж байна.