sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, гишүүдтэй санал солилцсон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Танай бүлэг нэлээд удаан хуралдлаа. Шинэ Ерөнхий сайдын талаар ямар шийдэлд хүрсэн бэ?

-МАН-ын бүлэг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр урьж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл авлаа. Манай бүлэг эцсийн шийдвэр гаргахгүй. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т "Олон суудалтай нам Ерөнхий сайдад нэр дэвшигчийг бусад намтайгаа зөвшилцөж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэсэн заалт байдаг. Намын эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл хуралдаж, гаргах ёстой. Харин бүлгийн хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч цаашид ямар бодлого баримталж ажиллах талаар мэдээлэл сонслоо. Байр сууриа тодорхой болгохын тулд зарим асуултад хариулт авсан.

-Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар шийдвэр гаргах эрхийг намын бүлэгт өгсөн юм биш үү?

-Удахгүй Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргана. АН-ын дарга олон асуудалд ойлголцох, зөвшилцөх санал гаргаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний байр суурь буруу байжээ гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, 2012 МАН оноос улстөржиж талцаж хуваагдахгүйгээр улс орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө явах хэрэгтэй гэсэн байр суурь баримталж байсан.

Өнгөрсөн онд МАН-ын XXVII Их хурлаас Монгол Улсын хөгжлийн зорилтын тухай хөгжлийн бодлого боловсруулж, түүнийгээ дагалдуулан тогтоол баталсан. Уг тогтоол хоёр заалттай.

Нэгдүгээрт, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулах, үүнийг ямар ч Засгийн газар гарсан хэрэгжүүлдэг байх. Хоёрдугаарт, улс орноо тогтвортой, тодорхой бодлоготой болгож, улстөржихгүйгээр хөгжүүлэхийн тулд намуудыг үндэсний зөвшилцөлд уриалсан шийдвэр гаргасан.

Өнөөдөр парламентад олон суудалтай нам маань бидэнд хандаж үндэсний зөвшилцөлд хүрье, улс орныхоо төлөө хамтарч ажиллая гэсэн. Ингэхийн тулд Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвшилцөөд явахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ нь өмнө нь алдсанаа зөвшөөрч, алдаагаа цаашид засахаа ойлгосны илэрхийлэл гэж үзэж байна. Гэхдээ ингэж хэлснээр МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн үг биш.

-МАН-д шинэ Засгийн газарт орох санал албан ёсоор ирсэн юм уу?

-АН-ын дарга Үндсэн хуульд заасны дагуу бусад улс төрийн намуудад санал тавьдаг. Энэ дагуу саналаа тавьсан. Харин хамтарсан Засгийн газрын асуудалд Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ оруулж ирдэг.

Энэ хүрээндээ ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж ямар бодлого хэрэгжүүлэхээ ярина. Үүнийг хэрэгжүүлэхдээ аль намуудыг урих вэ гэдэг нь дараагийн асуудал байх.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: