sonin.mn

Уржигдар Сангийн яамнаас ойрд сонсоогүй чихэнд чимэгтэй сайхан мэдээг дуулгаллаа. Тодруулбал, ирэх оны төсвийг өнгөрөгч баасан гарагт баталсантай холбоотойгоор нийгэмд “царцаагдсан” барилга гэсэн нэршилтэй болоод байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дутуу баригдсан барилгуудыг гүйцээхээр болсон тухай мэдээлэл юм. Үндсэндээ дээрх царцаад байсан барилгуудад ирэх оны төсөвт зарцуулагдах хөрөнгийг суулгаж өгсөн явдал.

Тиймээс төсөв өртөг нь жил ирэх тусам нэмэгдэж нэлээд хэдэн жил царцсан сургууль, цэцэрлэгийн болоод эрүүл мэндийн төвүүдийн барилгууд бүгд ашиглалтад орох боломжтой, харин ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр нэг ч сургууль, цэцэрлэгийн барилга барихгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Яг үнэндээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг л хэлмэгдүүлэн царцааж байж. Үүнтэй ч олон хүн санал нийлэх байх. Тухайлбал ядарсан иргэдийн гол хэрэгцээ, эмчлүүлдэг газар байсан Түлэнхийн төвийн барилгыг улстөрчид тогоон дотроо чанаж, царцаах барилгын тоонд оруулаад байсан.

Тодруулбал, Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг иж бүрэн хийж тендер зарлан гүйцэтгэгчээр нь “Цаст” констракшн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээгээ байгуулан барилгын ажлаа эхэлчихээд байхад уг барилгыг бүрмөсөн зогсоож, шинээр зураг төсөв боловсруулан өөр газар барих шийдвэр хүртэл гарч байв.

Монголдоо ганцхан байдаг Түлэнхийн төв эмнэлгийн хаалгыг бариад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзсэн. Тус эмнэлэг айлын шоовдор хүүхэд шиг тэнүүчлэн хэсч явсаар арай хийж ГССҮТ-ийн хажуу бөөрөнд наалдан үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Уг нь Түлэнхийн төвийг Гэмтэл, Согог судлалын үндэсний төв рүү шилжүүлэх үеэр “Хуучин суурин дээр чинь шинэхэн эмнэлэг бариад өгнө. Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн шаардлагын дагуу хаахаар болсон” гэж Эрүүл мэндийн яамныхан болон сайд нь их л сүр дуулиантай мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан.

Тиймээс олон нийт “Стандартад тохирсон орчин үеийн шинэ эмнэлэгтэй болох нь” гэж их л таатай хүлээж авч байсан ч эх баригчид тус эмнэлгийг 2013 онд царцаасан барилгын тоонд оруулчихсан.

Хамгийн сонирхолтой нь царцаасан барилгын тоонд оруулахдаа Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтэд үндэслэсэн байдаг. Бүр тодруулбал тус газраас дүн шинжилгээний аудитаар хэрэгжүүлсэн арга зүй, горим судалгааны 1.7-д үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ.

Тухайлбал “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянаж дахин боловсруулсны үндсэн дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөл хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судлах, одоогийн байршил дээр хүүхдийн эмнэлэг барих ТЭЗҮ, зургийн даалгавар боловсруулах нь зүйтэй” хэмээх дүгнэлтийг гаргажээ.

Эндээс нэг зүйлийг ажиглахад үндэсний аудитын газрынхан өөрсдийн ажил үүргээ мэддэггүй юм болов уу гэж харагдахаар байгаа юм. 2013 онд авлигажсан төсвүүдийн асуудал хурцаар яригдаж байсан. Энэ үндсэн дээр тус газраас хөрөнгө оруулалтын төслүүдийн төсвийг хянаж шалгахаар болсон.

Өөрөөр хэлбэл Үндэсний аудитын газар бүтэн гурван сарын турш ажиллахдаа УИХ-аас хөрөнгө оруулалтыг нь “царцаасан” 243 обьектын төсөвт өртөг ямар шалтгаанаар өссөнийг тогтоож чадаагүй. Уг нь төсөв авлигажсан эсэхэд гол дүгнэлт хийх ёстой байтал эмнэлгийг барих эсэх, улмаар ямар эмнэлгийг хаана барих нь зүйтэй вэ гэх мэтээр Эрүүл мэндийн яамны бодлогод хэт оролцсон дүгнэлт гаргасан нь өвчиндөө шаналан хэвтэж буй олон хүнээр даажигнасантай утга юм.

Угтаа бол нь ямар эмнэлэг салбарт нь хэрэгтэй байгаа, түүнийг хаана, барихаа салбарын яам нь шийддэг. Харин аудит нь төсөв мөнгө үндэслэлтэй эсэхэд л хяналт тавьж ажилладаг.

Өмнөх зураг төсөвт нь улсын төсвөөс 200 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Мөн гүйцэтгэгч компани нь болох “Цаст” констракшн ажлаа эхлээд тодорхой хэмжээний зардал гаргасан байгаа. Тиймээс дээрх мөнгөний хохирлыг хэн төлж барагдуулах вэ.

Түүнчлэн шинээр зураг төсөл боловсруулахад хэчнээн төгрөгийн зардал гарах, цаг хугацаа, дахин тендер зарлаж шинээр гүйцэтгэгч компани шалгаруулах хүртэл хэдий хэрийн хугацаа орох вэ гэх зэрэг маш олон асуудал гарч ирэхийн зэрэгцээ бүх зардлууд улсын төсвөөс гарч татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгаж байна гэсэн үг.

Уг нь балгас болчихоод байгаа Түлэнхийн төвийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчлэх Олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг барих ажил эхэлчихээд байхад нь Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтээс үүдэн Түлэнхийн төв эмнэлэгийн барилгыг зогсоох шийдвэр гаргаж туйлдсэн эдийн засгийг улам л мөлхүүлж байгаа нь хэний сонирхол, хэний эрх ашигт нийцэж тус эмнэлгийн барилгын ажлыг зогсоосон бэ гэдэг нь хариултгүй хэвээр байгаа юм.

Юутай ч ирэх онд царцаад байсан барилгуудын төсөвт зарцуулагдах хөрөнгийг суулгаж өгсөн нь талархууштай ч, хэн нэгэн эрх мэдэлтний балгаас болж дахин татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэхгүй байх гэж найдах л үлдлээ.

Ямартай ч “царцаасан” гэх барилгуудыг асуудлыг тун удахгүй шийдэх нь тодорхой боллоо.

Р.Төгс

Эх сурвалж: