sonin.mn

Авлигатай тэмцэх газар албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 301 өргөдөл, гомдол, мэдээллийг одоогийн байдлаар хүлээн аваад байгаа аж.

Тэдгээрээс 269 гомдол, мэдээллийг хянан шалгасан бөгөөд орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо болон аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх, бэлэг хандив авахтай холбоотой хязгаарлалтыг зөрчсөн талаарх гомдол дийлэнх хувийг эзэлж байна.

Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтын дүнд хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой этгээдийг тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив, туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нэлээд илэрчээ.

Дээрх зөрчлийг арилгуулахаар 40 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомж зөрчсөн 20 гаруй тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар 60 гаруй байгууллагад анхааруулж зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна.

Эх сурвалж: