sonin.mn

Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн ороод байна. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болсон билээ.

Энэ жил ХЭК батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнууд ХЭК-д нэгдэн орсоноос хойшхи хугацааны хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр олсон амжилт, ахицаа тодорхойлж байна.

Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрхийн тухай Конвенц ба Монгол улс” арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол улс ХЭК-ийг хүлээн зөвшөөрч 1990 онд нэгдэн орсон эхний 5 дахь орон юм.

Өнөөдөр тус Конвенцид нэгдэн орж, олон байгууллагууд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын төлөө хамтран ажилласаны үр дүн, ахиц дэвшлээ тодорхойлж хүүхдүүд, олон нийтэд танилцууллаа. Тус арга хэмжээндяам, агентлаг, ОУБ, ТББ, ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын төлөөлөл 250 насанд хүрэгчид, 450 хүүхэд нийт 700 гаруй хүн оролцсон.

Хүүхдийн өөрсдийн сонирхсон асуултаа боловсрол, эрүүл мэнд, цагдаа, хүний эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоог дэмжих чиглэлээр асууж БШУЯ, ЭМЯ, НЦГ, ХАХНХЯ, ХТҮГ, ТББ-ын төлөөлөлөөс газар дээр нь хариултаа авлаа. МҮОНРадиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулга, МХО-ны бүжгийн дугуйлангийн хүүхдүүд, МУГЖ Б.Ганчимэг, МУСТА С.Баттулга нар ая дуу, бүжгээрээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээнд оролцсон хүүхдүүд “Хүүхэд буруугүй”, “Хурдан морины хүүхэд”, “Нарын хаан хүүхдүүд” дууг хамтран дуулж, ХЭК-ийн 25 жилийн ойд зориулан төрсөн өдрийн дуугаар хүүхдийн эрхийн төлөө ажилладаг ах эгч нартаа бэлэг барилаа.

Арга хэмжээг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан дохионы хэлээр хүргэлээ. ХАХНЯ-ны хүндэт жуух, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр хүүхдийн халамж асрамжийн байгууллагын багш, нийгмийн ажилтан, ТББ-ын ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Хүүхдийн төлөө үндэсний газрын олон нийттэй харилцах хэлтэс