sonin.mn

ЭМЯ-наас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор Төв аймгийн хэмжээнд олон бүтээлч ажил төлөвлөсны нэг нь Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмчилгээ үйлчилгээний орчныг сайжруулах ажил байсан юм.

Тус хүүхдийн тасаг нь 1984 онд 120 ортойгоор анх ашиглалтад орсон бөгөөд 1998 онд нэг удаа их засварт орж, 2009 онд барилгын дээвэрт засвар хийснээс хойш ямар ч засвар хийгдээгүй аж.

Одоогийн байдлаар 22 ортойгоор жилд 1200 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, үүний 30 гаруй хувьд нь эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үзүүлж байна.

Улирлын чанартай өвчлөл дэгдэх үед 40 гаруй хүүхэд, сахиурын хамт нийтдээ 90 орчим хүн нэг дор хэвтэн эмчлүүлж, ачаалал өндөр, нягтрал их, эмнэлгийн дотоод халдвар гарах магадлал өндөр хэмжээнд ажиллаж иржээ.  

Энэ байдалдаа дүгнэлт хийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч санаачлагаар аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд уриалга хүргүүлснээр 73 төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтад гар бие оролцон, хандив өгснөөр Хүүхдийн тасгийн иж бүрэн засварыг 6 сарын хугацаанд хийж, гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Нийтдээ 88 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Баярбат орон нутгийн төсвийн хэмнэлтээс 29,5 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна.

Мөн Зуунмод сумын Засаг дарга Ж.Цэндсүрэнгийн санаачлага, идэвхи зүтгэлээр 20 байгууллага хэвтэн эмчлүүлэх нэг, нэг өрөөг иж бүрэн засаж тохижууллаа.  

Зуунмод сумын ИТХ-ийн тэргүүлэгчид, “Их Засаг” ОУИС-ийн реалитиви шоунд оролцогч оюутнууд, ХХААХэлтэс, Хаан банкны Төв аймаг дахь салбар, Цагдаагийн газар, ЗХ-ний 013-р анги, Эрчим хүчний Зуунмод дахь салбар, “Деколлайн” ХХК гэх мэт олон байгууллага хамт олны сайхан сэтгэлийн хандиваар Төв аймгийн бяцхан үрс стандартын шаардлага хангасан эрүүл орчинд эмчлүүлж, сувилуулах таатай орчинтой боллоо.

Хүүхдийн төлөө сэтгэл зүтгэл гаргаж бүтээн байгуулалтад оролцсон байгууллагуудын хамт олонд аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.