sonin.mn

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын Тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар сумынхаа Эрүүл мэндийн төвд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний өрөөг тохижуулан, хүлээлгэж өглөө.

Үүнд эмнэлгийн зориулалтын ор, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтөний олон үйлдэлтэй ор, дугуйтай түшүүр, телевизор, шүүгээ, дуслын өлгүүр, орны бүтээлэг зэрэг нийт 3.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Иргэн Б.Хадбаатарын сайхан сэтгэлийн хариуд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулж, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх болно гэж эмнэлгийнхэн сэтгэл өндөр байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Дэлгэржаргал, СЭМТ-ийн дарга Р.Оюунхүү нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.