sonin.mn

ТОКИО. /АР/. Японы Ерөнхий сайд Шинзо Аба улсынхаа парламентыг энэ сарын 21-нд тараана гэж мэдэгджээ. Тус улсад хугацаанаас өмнө болох сонгуулийг 12 дугаар сарын дундуур явуулж магадгүй байна.

Японы эрх баригч эвсэл буюу Шинзо Абэ тэргүүтэй Либерал-Ардчилсан нам болон “Шинэ Комэйто” нам сонгуульд олонхын санал авч чадаагүй тохиолдолд албан тушаалаасаа огцрохоо тус улсын Ерөнхий сайд амлажээ. “Би ард түмнийхээ дуу хоолойг сонсмоор байна. Хэрэв бид парламентад олонхын суудлаа алдвал би огцорно” гэж Абэ мэдэгджээ.

Парламентыг тараах шийдвэр гаргасан нь намынх нь нэр хүнд харьцангуй өндөр байгаа үед мандатыг нь бэхжүүлэх гэсэн Абэгийн эрмэлзэлтэй холбоотой байна.

Үүнээс гадна, ирэх оны 10 дугаар сард хийхээр төлөвлөж байсан татварын шинэчлэлийг 2017 оны дөрөвдүгээр сараас нааш хийхгүй гэж Абэ мэдэгдсэн тухай Рейтерс агентлаг мэдээлж байна. Японы эрх баригчид худалдааны татварыг орон даяар 10 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байв.

Абэгийн үзэж буйгаар, ийм шинэчлэл явуулснаар эдийн засагт учрах эрсдэл нэмэгдэнэ. "Төлөвлөсний дагуу бид татварыг нэмэгдүүлсэн ч эдийн засаг сэргээгүй тохиолдолд төсвийн татварын орлого нэмэгдэхгүй" гэж тэрбээр тайлбарласан байна.

Энэ сарын байдлаар, Японы эдийн засгийн үзүүлэлт энэ онд гурван улирал дараалан уналттай гарсан юм. Хямралд автсаны шалтгаануудын нэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдааны татварыг таваас найман хувьд хүргэж нэмэгдүүлсэнтэй холбоотой байж магадгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: