sonin.mn

“Хууль бус Засаг дарга" гэх автор түүнийг байнга дагадаг. Бас түүнийг урваач, шарваач гэх нь ч бий. Харин энэ удаад тэрбээр урваж, шарвасангүй.

Нутгийнхаа залуусын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хавчин боогдуулжээ. Хамгийн хачирхалтай нь О.Амгаланбаатар дарга Засаг ноён гэдэг утгаараа нутгийнхаа залуусыг хавчиж, тэмцээн уралдаан явуулах газаргүй болгосон байх юм.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны чуулга уулзалт энэ сарын 15-16-ны өдрүүдэд болохоор тогтсон байжээ. Тус чуулганд намын тэргүүлэгчид болон 18 сум, хоёр тосгоны залуусын төлөөлөл болох 300 гаруй хүн ирэх тухай мэдээлэлтэй байсан ч товлосон хугацаа болоход хурал хийх танхим болон уралдаан тэмцээн зохион байгуулах заалгүй болсон аж.

Хурлыг зохион байгуулагчид 300 хүний багтаамжтай заал, талбай хайсан ч бүгд “Боломжгүй” гэх хариу өгсөн байна. Аргаа барсан залуус учрыг лавлатал Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар даалгавар өгснөөр ийнхүү бүх газар заал, талбайгаа харамласан байх юм.

Учир нь МАН-ын залуус цуглаж, уулзан, тэмцээн уралдаан зохион байгуулах гэж байгаа нь Засаг ноёнд таалагдаагүй учраас ийнхүү эрх мэдлээрээ далайлган, тэднийг хавчиж боосон байна.

Ингэхдээ О.Амгаланбаатар дарга Төрийн өмчийн үйлчилгээний байгууллага болох агөнтлагийн дарга нарт даалгавар өгөн, МАН-ын залуус хаа нэгтэй чуулганаа хийсэн тохиолдолд гэрэл цахилгааныг нь таслах, спорт заалуудад МАН-аас төлөвлөсөн алив үйл ажиллагааг явуулахгүй байх, цаашлаад цоожилж, лацдах зэрэг арга хэмжээ авахыг хүртэл даалгажээ.

Ийнхүү Засаг ноёны хавчлага хүчтэй байсан тул МАН-ын залуус чуулга уулзалтаа Хантайшир нурууны бэл, алтай нутгийн цэвэр агаарт гарч, спортын арга хэмжээгээ амжилттай зохион байгуулсан байна.

Хэдийгээр энэ үйл явцыг орон нутагт өрнөсөн үл ойлголцол гэж харж болох ч үнэндээ орон нутагт улстөржилт хэрээс хэтэрсний бодит жишээ юм.

Цаашилбал, энэ нь Үндсэн хууль зөрчсөн явдал болж таарч байгаа юм. Хүн ажиллах амьдрах газраа сонгосон байхад О.Амгаланбаатар мэтийн Засаг ноён хүний эрхэнд халдаж болмооргүйсэн.

Б.Нандин

Эх сурвалж: