sonin.mn

Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев энэ сарын 11-нд иргэддээ “Нурли жол-Ирээдүй рүү хүрэх зам” илгээлтээ танилцуулсан. Уг илгээлтийн талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин мэдээлэл хийлээ.

Уг илгээлтэд дэлхийд нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогыг тусгажээ.

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев илгээлтдээ, “Дэлхийн хүчирхэг орнуудын геополитикийн хямрал болон  хэрэгжүүлж буй хориг тавих бодлого нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд бэрхшээл учруулж байна.

Тиймээс 2015 , 2016 онд улсынхаа эдийн засгийн төлөвлөгөөнүүдэд тодорхой өөрчлөлт оруулж, шинэ эдийн засгийн хөтөлбөр батлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Улсын «Нурлы Жол» хэмээх шинэ эдийн засгийн бодлого нь хоёр жилийн хугацаатай байх бөгөөд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд чиглэгдэж байх болно” гэжээ.

Тус улс түүхий эдийн экспортоос олж байсан орлогоо Үндэсний Санд төвлөрүүлдэг аж. Уг сан нь Казахстаны эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, олон улсын эдийн засгийн байдал хүндэрч, байгалийн нөөцийн үнэ буурах үед энэ сангийн хөрөнгийг ашигладаг аж.  «Нурлы Жол» бодлогын хүрээнд тус сангаас 500 тэрбум тенге гаргаж, тээвэр, эрчим хүч, нийгмийн дэд бүтэц болон жижиг, дунд бизнесийг хөгжуулэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

500 тэрбум тенгегээс Жижиг, дунд болон том бизнес, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 100 тэрбум, Банкны салбарыг эрүүлжүүлэхэд 250 тэрбум, Шинэ хөрөнгө оруулалтыг татахын тулд хуурай боомтын нэгдүгээр цогцолборын барилгыг дуусгах, Хоргос – Дорнод хаалга болон Атырау ба Таразед баригдаж буй Үндэсний аж үйлдвэрлэлийн газрын тосны химийн технопарк эдийн засгийн тусгай бүсүүдийн дэд бүтцийн ажилд 81 тэрбумыг зарцуулах болжээ.

Мөн 2017 онд тус улсад болох «ЭКСПО-2017» цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх, Астанагийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн нисэх буудалд нийт 69 тэрбум тенгег зориулах аж. Ингэснээр жилд 3.5 сая хүнд үйлчилдэг Астанагийн нисэх буудал 7.1 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай болох юм.

Түүнчлэн тус улсад гадаадын 100 гаруй  компани, аж ахуйн нэгж нийт зургаан их наяд тенгегийн хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт ирүүлжээ. Уг хөрөнгөөр Тээвэр-логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх болон нэмэлт хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдсэн шинэ үйлдвэрлэлийн бүсүүдийг Казахстаны бүс нутгуудад  байгуулах асуудлыг боловсруулах аж.

Түүнчлэн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууц, нийтийн аж ахуй болон ус, дулааны сүлжээний дэд бүтцийг шинэчлэх, нийгмийн дэд бүтцийн хөгжлийг түргэсгэх бодлого хэрэгжүүлэх аж.

Тухайлбал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхийг болиулах, 10-н их, дээд сургуулийн бааз дээр суурилж шинжлэх ухааныг эдийн засгийн салбаруудтай холбож, боловсон хүчин бэлдэх хөтөлбөр хэрэгжүүлэх аж. 2050 он гэхэд жижиг, дунд бизнес нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг бүрдүүлдэг байх зорилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 2015-2017 онд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн  банк, Дэлхийн банкнаас 155 тэрбум тенгегийн зээл авахаар төлөвлөжээ.

Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Исламын хөгжлийн банкнаас 9 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт авч 90 төсөл хэрэгжүүлэх аж.

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин, “Энэхүү шинэ эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө нь Казахстан Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн тов тодорхой, сайн боловсруулсан стратеги юм. Уг төлөвлөгөө “Казахстан-2050” стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах зорилгыг биелүүлэхэд оршиж байгаа юм” гэлээ.

Энэ үеэр Элчин сайд К.Кобландин Монгол, Казахстан улсын хамтын ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр, “Монгол, Казахстан улсын хамтын ажиллагаа жил бүр өргөжин тэлж байна. Тухайлбал, энэ жил Монгол, Казахстан улсын Засгийн газар хоорондын уулзалт зохион байгуулсан. Уг хуралдаанаар эдийн засаг, соёл урлагийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэхээ тодорхойлсон.

Хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хэлэлцээрийн дагуу найман хүн Казахстан Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Мөн Казахстан Улсын парламентын дээд танхим болох Сенатын гишүүд, Боловсролын яамын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэлэлцээр хийсэн. Хоёр улс хоорондын худалдаа өргөжиж байгаа.

Энэ оны эхний 9 сард нийт 29 сая ам.долларын худалдаа хийсэн. Мөн шинээр Астана-Баян-Өлгий чиглэлийн агаарын зам шинээр нээжээ. Тун удахгүй Улаанбаатар-Астана чиглэлийн агаарын зам нээхээр төлөвлөж байна. Хамтын ажиллагаа цаашид тогтвортой хөгжинө гэдэгт итгэж байна” гэв.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг