sonin.mn

КАИР. /АР/. Тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний нэмээд 35 удирдагчид цаазаар авах ял оноохыг тус улсын Ерөнхий прокурор шаардсан тухай МЕНА агентлаг мэдээлжээ.

Мурси болон түүний туслагчид гадаадын тухайлбал, Ираны тагнуулын албанд нууц баримт бичгийг дамжуулан өгсөн гэж Ерөнхий прокурор шүүх ажиллагааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Үүнээс гадна, Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөн дэх түүний хамсаатнууд улс орны байдлыг тогтворгүй болгох зорилгоор Палестины ХАМАС хөдөлгөөнтэй хамтран ажилласан байна.

Харин Мурси шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шүүх хурлын үеэр дахин мэдэгджээ. Ингэхдээ тэрбээр энэ сарын 26-нд болох дараагийн шүүх хуралд өөрийгөө бие даан хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Мухаммед Мурсиг 2013 оны долдугаар сарын 3-нд болсон цэргийн эргэлтээр төрийн тэргүүний албан тушаалаас нь түлхэн унагасан билээ. Одоо түүнийг цагдан хорьж байгаа юм. Тагнуул хийсэн болон террористуудтай хамтран ажилласан хэргээс гадна Мурсиг цэрэг, цагдаа нарыг хөнөөсөн хэрэгт буруушааж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: