sonin.mn

Дэлхийн 00-ийн өдөр гэж байдаг юм байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар л мэдээлэл хийх төдийгөөр энэ өдрийг өнгөрөөчихлөө. Уг нь бол төрөл бүрийн өдөр, баяр тэмдэглэх дуртай ард түмэн юмсан.

Тэмдэглэлт өдрийнх нь агуулга л таалагдсангүй дээ янз нь. Дэлхийд 2.5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1.1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо гаргасан байх юм.

Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг аж. Харамсмаар мэдээлэл шүү.

Манай нийслэлд албаныханы хийсэн судалгаагаар 200 мянга гаруй нүхэн жорлон хөрс бохирдуулж байгаа гэнэ. Хөрс, байгалийг ялгадас бохирдуулдаг нь харин хэр үнэний ортой бол. Бид “Хятадууд ногоогоо баасаараа борддог" гэж ярилцан үзэн яддаг биш бил үү.

Гэхдээ энэ зуунд зохистой ариун цэврийн өрөөгүй амьдрана гэдэг үнэхээр асуудал. Нийслэл хотод бие засах газрын хүрэлцээ үнэхээр муу. Найрсаг Улаанбаатар зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж гадаадын жуулчдыг татахаар ярьж байгаа боловч биеэ засах газаргүй бол зочид таатай бодолтой үлдэхгүй нь лав.

Нийслэлд бие засах газруудыг энэ тэнд байгуулсан. Гэвч хамгийн их хүн холхидог хотын төвөөрх газруудад тэд нь ихэвчлэн ажилладаггүй юм билээ. Үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн өрөөг ч үнэгүй болгосон. Гэтэл тэд үнэгүй үйлчилж байгаа билүү. Үйлчилдэг юм гэхэд таагүй үгээр булаад л хоцордог шүү дээ.

Тиймээс хотынхоо төвөөр боловсон 00-ыг олноор байгуулахын зэрэгцээ ажилладаг болгоё. Гэр хорооллын хувьд угаасаа барилгажуулж байж л энэ асуудал арилна шүү дээ. Сая болж өнгөрсөн дэлхийн 00-ын өдрийг жаахан сүржин болгоод жил бүр энэ өдрөөр нэг ариун цэврийн газар нэмээд байхад л уг нь болох байлаа даа.

Ж.Энх

Эх сурвалж: