sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Америкийн сансрын ачааны “Dragon” хөлгийг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу 12 дугаар сарын 16-нд илгээнэ. Уг хөлөг хүнсний бүтээгдэхүүн, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс болон шинжлэх ухааны туршилт явуулах материал хүргэх ажээ.

АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын буудлын зэргэлдээ оршдог тус улсын Агаарын цэргийн хүчний баазаас “Falcon-9” зөөгч пуужингийн тусламжтайгаар уг хөлгийг хөөргөнө гэж НАСА /Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв/ мэдээлсэн байна

Сансрын ачааны хөлөг 12 дугаар сарын 18-нд тойрог замын цогцолбортой залгагдахаар төлөвлөж байгаа аж. Энгийн ачаанаас гадна уг хөлөг галт уул оргилох, шороон шуурга, ой, хээрийн түймрийн үед, мөн аж үйлдвэрийн хаягдлаас агаар мандалд бий болсон бохирдлыг судлах судалгааны шинэ багажийг хүргэнэ.

“Ийм бохирдол нь хүний эрүүл мэндэд аюултай бөгөөд дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг” гэж НАСА тэмдэглэжээ.

“Dragon” хөлөг дэлхий рүү буцах замдаа сарын дараа орно. “Falcon-9” пуужингийн адил уг хөлгийг АНУ-ын Калифорни муж улсын хувийн компани болох “SpaceX”-д бүтээсэн бөгөөд олон удаа ашигладаг дэлхийн цорын ганц ачааны хөлөг юм. НАСА-тай байгуулсан 1,6 тэрбум долларын гэрээний дагуу уг хөлөг ОУСС руу дөрвөн удаа “тогтмол” нислэгийг хэдийн үйлдсэн бөгөөд нэмээд найман нислэг үйлдэх ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: