sonin.mn

Одонт нутгийнхан хэмээгдэх Төв аймгийнхан Улаанбаатар хотод ургацын баяраа хийж байна. Улсын хэмжээний хураан авсан үр тарианы 23,8 хувь, төмсний 34,5 хувь, хүнсний ногооны 9,2 хувь, малын тэжээлийн 38,9 хувийг тариалсан тус аймгийн 27 сумын иргэд, аж ахуй нэгж шинэ ургацынхаа хүнсний ногоо, бүтээгдэхүүнийхээ дээжийг “Ургацын баяр” үзэсгэлэн худалдаанд дэлгэн тавьжээ.

“Мишээл Экспо” төвд болж буй эл үзэсгэлэн худалдааг нээж Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат “Манай аймгийн тариаланчид энэ жил 66167 га-д үр тариа, 4586 га-д төмс, 950 га-д хүнсний ногоо, 4035 га-д малын тэжээл, 13957 га-д тосны ургамал, олон наст 530 га-д, бүгд 90362,4 га-д тариалалт хийж, дэвшүүлсэн зорилтоо 13,2 хувиар давуулан биелүүллээ. Тэр дундаа энэ жил үр тариа 111068 тн буюу нэгжээс 17,0 центнер, төмс 55370 тн буюу нэгжээс 120,7 центнер, хүнсний ногоо 9349,3 тн буюу нэгжээс 98,3 центнер, малын тэжээл 14885 тн буюу нэгжээс 30,5 центнер, тосны ургамал 8656,6 тн буюу нэгжээс 6,2 центнер авч, нийтдээ 199329 тн ургац хураан авсан. Энэ нь, дэвшүүлсэн зорилтоос үр тариа 36935 тн, төмс 2546 тн, малын тэжээл 6135 тн, тосны ургамал 4017 тн буюу бүгд 60272 тн ургац илүү хураан авсан дүн мэдээ гарлаа. Түүнчлэн төмс, малын тэжээл, ургац, үр тариа гэсэн дөрвөн үзүүлэлтээр улсын хэмжээнд манай аймаг тэргүүлсэн бол, сүүлийн 22 жил аваагүй үр тарианы ургацыг хураан авсан түүхэн амжилтыг тариаланчид маань тогтоолоо” хэмээв. Үзэсгэлэнгийн нээлтэнд оролцсон ҮХАА-н сайд Ц.Туваан “Энэ жил байгаль дэлхий хураа хайрлаж, алтан нар ивээснээр Монгол Улс 1987 оноос хойш авч байгаагүйгээр, харин Төв аймгийнхан 1992 оны амжилтыг дахин давтаж арвин ургац хураан авлаа. Энэ нь, тариалалт болон ургац хураалтад хүн хүчээ зөв хуваарилснаар амжилт гаргасан тул ҮХААЯ-ны удирдлагуудын нэрийн өмнөөс Төв аймгийнхандаа талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.

Тус аймгийн 27 сумын 150 гаруй аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс голланд технологиор үйлдвэрлэж буй “Лигийн ухаа” компанийн “Хустай гоуда” бяслаг хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Жилдээ 10 тн бяслаг зах зээлд нийлүүлдэг тус үйлдвэр дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна дэлхийн 10 оронд борлуулдаг хэмээн захирал У.Төмөрхуяг ярьж байлаа. Тэрээр “Манай бүтээгдэхүүний амт чанар сайн учраас борлуулалт гайгүй байдаг. Гадаадын улс орнуудаас захиалга ирдэг ч үйлдвэрийн маань суурилагдсан хүчин чадал бага учраас их хэмжээний бяслаг үйлдвэрлэх боломжгүй. Сэтгэж, бодож л явбал болно доо гэж боддог” хэмээсэн. Тус үйлдвэрийн бяслаг орц, найрлага, граммаасаа шалтгаалаад 3500-7500 төгрөгийн үнэтэй аж.

Харин 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Могол ноос” ХХК-ний эсгий ноос угаах самнах үйлдвэр тус аймгийн Баянцогт суманд, ээрмэл утасны үйлдвэр нь Төв аймгийн Зуунмод хотод байрладаг байна. Аймаг, орон нутгийн 50 орчим иргэдийг ажлын байртай болгосон тус компани нь цагаан болон бор эсгий, гэрийн эсгий иж бүрдэл, эсгий гудас, хаалга, тохош, ширэл ширдэг зах зээлд нийлүүлдэг байна. Энэ удаагийн үзэсгэлэнд тус үйлдвэрийнхний дэлгэн тавьсан хонины ноосоор үйлдвэрлэсэн малгай, ороолт 40 мянган төгрөгийн үнэтэй байв. Хүнсний ногооны хувьд төмс кг нь 900, лууван 1200, байцаа, хүрэн манжин 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины кг цул мах 6000-6700, үхрийн цул нь 7500-8000, ямааных кг нь 6000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байв.