sonin.mn

НЬЮ-ЙОРК. /NHK/. Терроризмтой тэмцэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах хэрэгтэй байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ дахин мэдэгдлээ. Тус зөвлөлийн тогтоосноор, Сири болон Иракт нөлөөгөө бэхжүүлж буй “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд  80 гаруй улсын  15 мянган иргэн нэгджээ.

“Лалын улс” болон бусад террорист бүлэглэлтэй тэмцэх асуудлаар АЗ-д лхагва гарагт болсон нээлттэй хэлэлцүүлэгт НҮБ-ын гишүүн 60 гаруй улс оролцсон байна.

Дэлхий нийтээрээ терроризмтой тэмцэх арга хэмжээгээ чангатгасаар байгаа ч лалын босогчдын цэрэгжсэн бүлэглэлүүдэд гадаадын олон иргэн нэгдсээр байгаад түгшиж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илэрхийлжээ.

“Босогчид газрын тос, нефть хууль бусаар хил гаргаж, барьцааны мөнгө авах замаар их орлого олж байна. Мөн тэд зэвсэгт хүчнүүдийн хүнд зэвсгийг булаан авч байна” гэж Австралиас НҮБ-д суугаа Элчин сайд Гари Куинлан тэмдэглэжээ.

Өрнөдийн улсуудын мэдэгдсэнээр, лалын босогчдын бүлэглэлүүдэд залуус нэгдэх нь олширсон байна.

Хэт давруу үзлийн нөлөөнд автсан залуу өнгөрсөн сард улсынх нь парламентын барилгад халдсантай холбоотойгоор түгшиж байгаагаа Канадын төлөөлөгч илэрхийлжээ.

Иргэдээ босогчдын бүлэглэлд нэгдэхээр явахаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэл солилцож, босогчдын мөнгөний эх үүсвэрийг таслан зогсооход хүчин чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахыг гишүүн улсууддаа уриалсан мэдэгдлийг тус зөвлөл гаргасан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: