sonin.mn

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 11 дүгээр сарын 12, 13, 14-нд зохион байгуулж өнөөдөр олон нийтэд дүнг танилцууллаа.

Тус шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд нийт 1698 эрх зүйч бүртгүүлснээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм.

Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар гаргахад 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцжээ. Нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцсэн үзүүлэлт юм.

Ийнхүү шалгалтад тэнцсэнээр эдгээр хүмүүс цаашид шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үүд хаалга нь нээгдэж байгаа юм.

Энэ удаагийн хуульчийн мэргэжлийн шалгалт нь Монгол Улсад анх удаа ийм олон тооны оролцогчтойгоор нэгэн зэрэг цахим хэлбэрээр авсан явагдав. Ингэснээр хүний нөлөөлөл орох бололцоог хязгаарлан, түргэн шуурхай, шударгаар дүгнэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн шалгалтын үеэр “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүн төрийн бус байгууллагын төлөөлөл хянагчаар ажиллаж иргэний хяналтыг хэрэгжүүллээ.

Шалгалтын зохион байгуулалтын ажлын хэсэг, гүйцэтгэл дүгнэх шалгалтын комисс, программын найдвартай ажиллагааг хянах хяналтын зөвлөл, явцын хянагчид, туслах ажилтнууд гэх мэт нийт 103 хүн болон цахим шалгалтын найдвартай ажиллагааг хангаж ажилласан Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар гэх мэт 7 байгууллагын хамтын ажиллагааны үр  дүнд тус шалгалтыг амжилттай зохион байгуулав.