sonin.mn

КИЕВ. /ВВС/. Өнгөрсөн есдүгээр сард Украины Засгийн газар болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд гал зогсоохоор зөвшилцсөнөөс хойш Украины зүүн нутагт бараг 1000 хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан газар мэдэгдлээ.

Есдүгээр сараас хойш Украины зүүн нутагт хүний эрхийн байдал ямар байгаа талаарх тайлан мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар пүрэв гарагт гаргасан байна.

Уг тайланд, өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс энэ мягмар гараг хүртэл 4317 хүн амь үрэгдсэн гэжээ. Украины засгийн газрын хүчин болон Оросын талыг баримтлагч босогчид хоорондын байлдааны ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлсэн билээ.

Харин өнгөрсөн есдүгээр сарын 5-нд  хоёр тал гал зогсоох хэлэлцээр байгуулснааас хойш 957 хүн амь үрэгджээ. Өөрөөр хэлбэл, гал зогсоох хэлэлцээрээс хойш өдөрт дунджаар 13 хүн амиа алдсан байна.

Мөн энэ лхагва гарагийн байдлаар, дотооддоо дүрвэсэн хүмүүсийн тоо 467 мянга болж нэмэгджээ. Хоёр сарын дотор дотооддоо дүрвэсэн хүмүүсийн тоо 190 мянгаар нэмэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: