sonin.mn

Их эзэн Чингис хаан мэндэлсний ойг Монгол бахархалын өдөр хэмээж өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар болсон. Тус өдөр өнөө жил энэ ням гаригт тохиох юм.

Уг ойг угтаж өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байрны '‘А”танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц унших аж. Мөн шагайн харвааны тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа" спорт цогцолборт эхэлсэн.

Тэмцээнд 21 аймгийн 77 багийн 800 орчим харваачид өрсөлдөж байгаа. Тэд өнөөдөр мөдалийн төлөө өрсөлдөцгөөнө. Харин ням гаригт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол тус тус болох юм байна.

МөнТөрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулна. За тэгээд хүчит 128 бөхийн барилдаан “Бөхийн өргөө”-нд болох зэргээр уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэдэг тэр жишгээр явах юм байна.

Үндэсний хувцсаар гоёсон арга хэмжээнүүдтэй, Монголынхоо түүх соёлыг ярьдаг нэг өдөртэй болж байгаад олон хүн дуртай байгаа. Сүүлийн үед “Эх оронч үзэл”, “Монгол Улсын төлөө”, “Агуу их өвөг дээдсээс үлдээсэн" гэх мэт яриа хийвэл бараг рекeтчин эсвэл жаахан согогтой гэж харах хандлага бий болсон.

Зарим нь үнэхээр ч тийм байдаг биз. Гэхдээ бид өөрсдөөрөө бахархах бүрэн үндэстэй ард түмэн. Түүнийгээ энэ өдөр ханатлаа ярьдаг байя. Өнөө жилийн хувьд энэ өдөрт зориулсан гадаадын төлөөлөгчид ирэх тухай мэдээ харагдсангүй.

Ер нь цаашдаа Их Монгол Улсын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг энэ өдөр хийж байсан ч яадаг юм. Япончууд Хубилай хааны усан цэргийн флотыг живүүлсэн хар салхинд баярладаг өдөртэй. Харин бид дэлхийг эзэлж явсан их удирдагчаа дурсдаг бахархалын өдөртэй. Түүнийгээ харуулъя л даа.

Ж.Энх

Эх сурвалж: