sonin.mn

МЕХИКО. /RIA Novosti/. Босогчдод хулгайлагдсан генерал Рубена Дарио Альсатег суллах ажиллагаа Колумбад эхэлснийг тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос нотолжээ.

Колумбын цэргийн өндөр албан тушаалтныг хэд хоногийн өмнө тус улсын Чоко мужид хулгайлсан юм. Үүний дараа Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний /КХЗХ/ босогчидтой Куба улсад хоёр жилийн турш хийж буй хэлэлцээгээ тус улсын тэргүүн зогсоосон билээ.

“Генералыг суллагдмагц  хэлэлцээнд оролцогсдыг Гаванад буцан очиж, энэ үйл явцыг аль болох түргэн дуусгахын тулд яриа хэлцээгээ хэвийн үргэлжлүүлэх тушаалыг өгнө” гэж Сантос хэлснийг El Heraldo цахим хуудсанд уламжилжээ.

КХЗХ нь тус улсын коммунист намын цэргийн жигүүрийн хувиар 1964 онд байгуулагджээ. АНУ болон Европын эрх баригчид КХЗХ-ийг террорист байгууллагуудын тоонд оруулсан бөгөөд мансууруулах бодисын мафитай холбоотой гэж сэжиглэдэг байна.

1960 оноос хойш Колумб улсад дотоодын мөргөлдөөний улмаас 220 мянга орчим хүн амиа алдсан байна. Энэ мөргөлдөөн нь Латин Америкийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн мөргөлдөөн болжээ. Колумбын эрх баригчид болон КХЗХ Кубын нийслэл Гавана хотод 2012 оноос эхлэн хэлэлцээ хийж байгаа нь сүүлийн 35 жилийн хугацаанд энхийн хэлэлцээр байгуулах гэсэн дөрөв дэх оролдлого аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг