sonin.mn

КИШИНЁВ. /ВВС/. Оросын шахалтад бид бууж өгөхгүй, Европын талыг баримталсан бодлогуудаа цаашид хэрэгжүүлсэн хэвээр байна гэж Украин, Польш болон Молдавын удирдагч нар мэдэгдлээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр, тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко, Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски, Молдавын Ерөнхийлөгч Николае Тимофти нар пүрэв гарагт Молдавт уулзжээ.

Уг уулзалтын үеэр Порошенко “Европтой харилцаагаа бэхжүүлэхээс өөр сонголт байхгүй. Украин болон Молдавын аль аль нь Польшийн дэмжлэгтэйгээр Европын Холбоонд нэгдэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” гэсэн байна.

Мөн Тимофти ЕХ-ны тусламжтайгаар улсдаа улс төр болон эдийн засгийн шинэчлэлтийг хөхүүлэн дэмжих бодлого хэрэгжүүлж байгаагаа  онцлон тэмдэглэжээ.

Харин Порошенко болон Тимофтийн хэлснийг дэмжиж байгаагаа Оросын эсрэг хатуу чиг шугам баримталдаг Коморовски илэрхийлсэн байна.

Энэ гурван улсын ерөнхийлөгч нар Украины зүүн нутагт Оросын нөлөө нэмэгдэж, Молдавын бүх нийтийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж эмээж байгаатай холбогдуулан уулзсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: