sonin.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Академич Хавтгайн Намсрайд гардуулан өгсөн юм. Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болов. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Академич Хавтгайн Намсрай нар үг хэллээ.

Мөн Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын найрал хөгжим, найрал дуучид  “Дөрвөн цагийн тал”, “Халуун элгэн нутаг” дуунуудаар ая барьж оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.