sonin.mn

НҮБ. /RIA Novosti/. 2014-2017 онд Украинд туслах төлөвлөгөөг НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ боловсруулжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус байгууллага долоон сая доллар гаргана.

“Энэ тийм ч их хөрөнгө биш, гэхдээ бидэнд одоогоор ийм хэмжээний л мөнгө байна. Бид хөрөнгө мөнгө цуглуулах хүчин чармайлтаа орхихгүй бөгөөд илүү их хөрөнгө татаж чадна гэдэгт найдаж байгаа” гэж Украин дахь ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газрын тэргүүн Жованна Барбирес ярьжээ. Түүний хэлснээр, баримт бичгийг 12 дугаар сарын 9-нд нийтэлнэ.

Украинд санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж буйгаа АНУ-ын эрх баригчид энэ сарын 22-нд мэдэгдсэн юм. Нэг тэрбум долларын зээлээс гадна Киевт нэмээд 320 сая долларын тусламж үзүүлнэ.

Украинд 23 сая долларын санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө Цагаан ордон урьд нь танилцуулсан юм. Үүний 20 саяыг нь шүүх тогтолцоо болон хууль сахиулах байгууллагуудыг шинэчлэхэд зарцуулна. Гурван саяыг нь хүнсний тусламжид зориулна.

Донор орнууд болон хөрөнгө оруулагчдын бага хурал Украинд ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр болно. Уг бага хурлын үеэр нэмэлт хөрөнгө татна гэдэгт Киевийн эрх баригчид найдаж байгаа аж.

Олон улсын валютын сан болон Европын Холбооноос Украин улс сүүлийн хэдэн сарын хугацаанд 4 тэрбум гаруй еврогийн тусламж авчээ. Тус улсад нийт 30 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр амласан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: