sonin.mn

ЖЕНЕВ. /ВВС/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, энэ сарын 16-ны байдлаар Мадагаскарт тахлаар 40 хүн нас баржээ.

Африкийн арлын энэ улсад тахал туссан 119 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдэв. Бүртгэгдсэн тохиолдлуудын зарим нь уушгины хэлбэрийн тахал аж.

Энэ тахал нэг мэрэгчээс нөгөөд нь бүүрэг буюу бөөсөөр дамжин халдварладаг юм. Халдвар авсан бөөсөнд хазуулсан хүмүүст голдуу энэ өвчний булчирхайн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ нян өвчтөний уушгинд хүрсэн тохиолдолд уушгины хэлбэрийн тахал тусдаг ажээ. Ингэснээр энэ өвчин хүнээс хүнд халдварладаг байна.

Өвчтөнүүдийн зарим нь нийслэл Антананариво хотод амьдардаг гэж ДЭМБ мэдэгдэн, энэ өвчин хүн ам шигүү суурьшсан бүсэд хурдан тархах эрсдэлтэй гэв.

Нийслэл хотын оршин суугчдын хэлснээр, тус хотын гол эмнэлгүүдэд хангалттай тоног төхөөрөмж, эм тариа байхгүй байгаа учир хүнд өвчнүүдийг эмчлэх боломжгүй.

Хот суурин газруудад энэ өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэн даруй авахыг Мадагаскарын эрх баригчдад ДЭМБ уриалж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: