sonin.mn

Өнгөрсөн Баасан гарагт Монгол улсын 29 дэхь Ерөнхий сайдаар ч.Сайханбилэг томилогдсон билээ. Тэрээр томилогдсон өдрөө Засгийн газрын анхны хуралдааныг хийсэн бол өнөө өглөө УИХ-д суудалтай МАН, ИЗНН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэлд тус тус хамтран Засгийн газрыг бүрдүүлэн ажиллах саналыг албан ёсоор бичгээр хүргүүлжээ.


Уг өнгөрсөн Баасан гарагт хийлгэсэн хэвлэлийн хурлынхаа үеэр  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт : “Манай нам Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газарт хамтарч ажиллахгүй. Гаднаас нь хяналт тавьж ажиллана” гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ эх сурвалжийн өгүүлж буйгаар МАН-д хамтарч Засгийн газар байгуулах сонирхолтой бүлэглэл бий.Эцсийн шийдвэрийг тус намын бага хурал гаргах аж.  МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд МАН-ын Ерөнхий сайдд Ч.Сайханбилэгт өгөх хариуг хүлээж буй юм байна.


Мөн МАН, ба МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл аль аль нь Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг дэмжихгүй байгаа бөгөөд нэгэнтэй нь хамтарсан тохиолдолд нөгөөх нь Засгийн газарт орохгүй байх зарчим баримталж буй аж.
Тэр бүү хэл МАН-ын удирдлага эхний яриа хэлэлцээрийн үеэр МАХН-ыг  Засгийн газарт оруулахгүй тохиолдолд цаашид энэ талаар ярилцана гэсэн шахалт хүртэл үзүүлжээ.
Ерөнхий сайдын ойрын хүрээллийн байр суурь бол МАН-тай хамтарсан нь зөв гэдэг дээр түлхүү чиглэгдэж буй бололтой.

Г.Гэрэл