sonin.mn

Дашка ах минь явчихлаа. Ер бусын наргианч, ямар ч энгийн чухал яриа, сэдэв, орчинг дор нь л өөрчилж орхидогсон. Наргиа шог нь тун ч ончтой, цэцэн. Яг л бичлэг шигээ. Уулзаад салахаар толгой амраад сайхан болоод явчихна. Явахаас нь долоохон хоногийн өмнө эмнэлэгт очиход бие нь их сульдуу, инээмсэглэх ч тэнхээгүй байсан хирнээ л “Миний утас 9911тэй болсон шүү дээ, яриарай” гэж наргиад бас амжсан.

Цагаан сараар гэрт нь очихоор хоймортоо суучихсан, “Заа, наашаа ирж таксаа төлөөд ийшээ сууцгаагаад байгаарай. Төлсөн таксанд нь тохирсон бэлэг бэлдэнэ шүү, Янжмаа” гээд л инээдэм эхэлнэ шүү дээ. Заавал мөнгө барьж золгодог болж цагаан сарын ёслол гажуудсаныг ёжилж шүүмжилдэг, түүнийгээ наргиантайгаар илэрхийлж байгаа нь тэр. Янжмаа эгч санаа нь зовчихсон, “Дэмий яриад л, энэ хоёроос өөр хүн бол юу ч гэж бодох юм билээ” гэнэ. Ингээд л цагаан сарын айлчлалаа мартаад элдвийг ярьж удаан суудагсан. Зориуд удаан ярьж суух гэж сар хуучрахаас наахна, зочид шингэрсэн хойно оройхон очдогсон.

Дашка ах маань яагаад ч юм надад онцгой сайн байсансан. Өөрөө таван хүүтэй, намайг “миний охин” гэж дуудна. Хүнтэй ер мууддаггүй боловч иргэний хөдөлгөөнүүдийн ид тэмцлийн үеэр биднийг хуурч, засгийн газарт наймаалах гэж оролдсон нь бүтэлгүйтэж бидэнд мэдэгдсэн нэг нөхөртэй тангараг тасарч уулзахаа больсон билээ.

“Гудамжинд жагсахаа болиод ажил олж хий. Чамд хаа ч ямар ч ажил олдоно” гэдэг үгийг аав минь нэг удаа, бас Дашка ах минь л хэлдэгсэн. Зохион байгуулсан бүх л арга хэмжээнд ирчихсэн явна, тэгээд дараа нь урам өгч чин сэтгэлээсээ магтах мөртөө араас нь “Тэмцэл мэмцэл яах вээ, өөрийгөө ингэж үрж байхыг чинь харахаар хэцүү санагдаад байх юм” гэдэгсэн.

2012 оны сонгуулиар намайг сонгогдоход Ардчилсан намын байранд байсан Дашка ах маань, “Миний шар охин гарчихлаа шүү дээ” гээд баяр нь цээжиндээ багтахгүй, бас хоолой нь зангирч нулимс унагаж байсныг олон хүн надад хэлсэнсэн. Баргийн юманд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүнсэн. Намайг УИХ-ын гишүүн болоход хоёр эр хүн нулимс унагаж догдолсон. Аав минь, бас миний Дашка ах...

Муу шар охин нь Таныгаа мартахгүй ээ...

Дашка ах маань сэтгүүлчийнхээ хувьд ч үнэ цэнэтэй хүн. Айхтар том том сэдвээр урт урт нийтлэл албаны үгээр нуршуу бичихгүй. Ингэх нь Дашка ахын маань араншин биш. Харин нэг гаажтай сэдэв барьж аваад дотроос нь малтсан хоржоонтой үгээр хошин наргианч байдлаар бичнэ. Хэн ч түүртэлгүй уншаад, амраад, бас ойлгоод, дараа нь сэдэв болгож яримаар. Өөрийн төрхтэй, орон зайтай сэтгүүлч байлаа.

Манай Гангаа ах ч бас бичнэ гэж сийлнэ шүү дээ. Уран сийлбэрч л гэсэн үг. Дүрслэл нь нүдэнд харагдмаар монгол ахуйтай, зүйрлэл нь уран. Гангаа ах Дашка ах хоёр шиг уран,монгол бичлэгтэй сэтгүүлчид гарч ирэхгүй л байгаа юм даа. Монголын сэтгүүлзүйд монгол содон бичлэгээрээ налайж байсан хоёр ах маань хөтлөлцөөд л явчихлаа. Орон зай нь ханхайн хоосорч үлдлээ. Энэ хоёр маань хоёулаа хүнд улстөрийн сэдвээс дөлөмтгий хүмүүс байсан. Хүн нь хэн бэ гэдгийг эндээс нь л төвөггүй таньж болохоор.

Энэ биеийг орхиод амь одох боловч эргээд бас нэгэн биеийг олж ертөнцөд ирдэг. Тэр тусмаа сайн үйлийг бүтээх сайн хүмүүнийг бурхан саналыг нь асуулгүйгээр буцаагаадилгээдэг. Би ингэж итгэдэг. Та хоёр маань сайн яваад ирээрэй.

Сэтгүүлч Уянгаа