sonin.mn

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр, тэр дундаа сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон  улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн болон 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлэв.

Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул  худалдан авахаар тогтжээ.

Тухайлбал, Дорноговь аймгийн сумд 42.7 сая, Архангай аймгийн сумд 50.0 сая, Хөвсгөл аймгийн сум бүр 2.0-3.0 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулсан байна.

Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авчээ. Өөрөөр хэлбэл, малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90.0 хувьтай гарлаа гэж мэргэжилтнүүд хэллээ.

Энэ жилийн хураан авсан үр тарианаас 25.8 мянган тн будаа тэжээлийн будаа руу шилжиж, мөн гурилын үйлдвэрүүдээс 76.0 мянган тн хивэг үйлдвэрлэх тооцоо гарч, 40.0 мянган тн ногоон тэжээл, 37.0 мянган тн гар тэжээл, 126.4 мянган тн хужир, шүү бэлтгэсэн нь малын тэжээлийн хангамж өвөл, хавартаа хүрэлцээтэй гэж албаныхан үзэв.

Ямартай ч, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлаар 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм дулаан, 1-2 дугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн бөгөөд ахиу цастай байх төлөвтэй байгаа.

Иймд ҮХААЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүйтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах ХХАА-н улсын албаны хүрээнд шуурхай удирдлагын штаб ажиллуулан орон нутагтай байнгын холбоотой байж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллах юм байна.