sonin.mn

Одоогоос дөрвөн сар гаруйн өмнө дугуйгаар аялалд гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Мөнгөндалай нийслэл Улаанбаатар хотод ирлээ.

Тэрээр 167 хоногийн турш аялаж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулжээ. Түүнийг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд болон түүний гэр бүлийнхэн МЗХ-ны төв байранд тосч авлаа.

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдлийхөө төлөө эрсдэл гарган, Монгол орны баруун аймгуудаар унадаг дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч болсон түүнийг МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдгээр мялаав.

Ч.Мөнгөндалайг МЗХ-ны салбар холбоод явсан газар бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, нэг өдрийнхөө цалинг хандивлаж, унадаг дугуйг дэмждэг байгууллага, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм. Тэрээр аяллын турш чин сэтгэлээрээ дэмжсэн МЗХ, бусад байгууллага болон сайн санаат иргэн бүрт баярлаж талархсанаа илэрхийлэв.

Түүний аялалыг Монголын залуучуудын холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооныхон дэмжин ажилласан юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг