sonin.mn

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохиодог уламжлалтай билээ.

Монгол улсад энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас удирдамж батлан гаргаж, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөллүүддээс бүрдсэн ажлын хэсэг байгуулснаар Нэгдсэн нэг төлөвлөгөөн дор хамтран ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр ажилладаг YouthLEADҮндэсний Сүлжээ зохицуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдлыг тэглэх дэлхий нийтийн зорилгод нэгдээд байна.

Монгол улсад ХДХВ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан бөгөөд 2014 оны 11 сарын байдлаар нийт 179 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандан судалгааны албанаас гаргасан судалгаагаар тус халдвараар 4 хүн нас барж, нийт тохиолдлын 98,3 хувь нь бэлгийн замаар дамжсан үзүүлэлт гарсан байна.

Мөн Монгол улс ДОХ/ХДХВ-ын тархалтаараа дэлхийд дээгүүр бичигддэг ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг тул халдварын өндөр эрсдэлт бүс нутгийн тоонд ордог. Тиймээс ХДХВ/ДОХ-ын асуудалд манай улс онцгой анхаарал хандуулан байгууллага, олон нийт, хувь хүн бүр дор бүрнээ энэ талын мэдлэг мэдээллээр хангагдаж байх нь нэн чухал болоод байна.

2014 оны ХДХВ/ДОХ-ын асуудалтай холбоотойгоор хийгдэж буй ажлуудын талаарх нэгдсэн мэдээллүүдийг та бүхэн World Aids Day 2014 Mongolia фейсбүүк хуудаснаас авах боломжтой.  

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хүн амыг зөв мэдлэг мэдээллээр хангах зорилготой үйл ажиллагаанд дараах байгууллагууд нэгджээ. Үүнд:

 - Эрүүл Мэндийн Яам

 - ХӨСҮТ

 -Дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд

 -НҮБ-ын ХАС

 -НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр

 -Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

 -Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 -Нийслэлийн эрүүл мэндийн газар

 -Глобал сан

 -Youth LEAD үндэсний сүлжээ

 -Y PEER сүлжээ

 -НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо

 -Монголын Улаан Загалмай Нийгэмлэг

 -Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг

 -Мари стопс интернэйшнл

 -Монголын оюутны холбоо

 -Залуус эрүүл мэнд төв

 -Төгс бүсгүйчүүд төв

 -Хамтдаа төв

 -Дэмжих төв ТББ

 -Оюуны Дархлаа ТББ

 -ДОХ-той тэмцэх үндэсний сан

 -Иргэний боловсролын төв

 -Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг

 -Эм Импекс ХХК

 -УБ-Ротаракт

 -Монголын залуучуудын эвсэл зэрэг 20 гаруй байгууллага байгаа юм.