sonin.mn

Санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь 2014 оны 8 дугаар 04-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн. Үүний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, Тэргүүн дэд захирал, дэд захирал болон тэдгээрт үйлчлэх жолоочийн болон ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бусад орон тоог хэмнэх, томоохон худалдан авалтыг зогсоох, бүх төвшинд зардал хэмнэх зэрэг чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт зардлын гүйцэтгэлийг 23 хувиар буурууллаа.

Ингэснээр Монголын хөрөнгийн бирж нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс санхүүгийн хэвийн горимд шилжих нөхцөл бүрдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын аливаа аж ахуйн нэгжид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна.

Хэмнэлтийн горим амжилттай хэрэгжих гол үндэс суурь нь тус биржийн нийт ажилтнууд өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан явдал байлаа. Бараа үйлчилгээний үнийн өсөлттэй үед дээрх шийдвэрийг гаргаж байгууллагын санхүүг хэвийн байдалд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн нийт хамт олондоо талархлаа илэрхийлье.  

Хэдийгээр санхүүгийн хувьд хэмнэлтийн горимд байсан ч дээрх хугацаанд Монголд нэн ашигтай нөхцөлөөр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа дахин 3 жилээр сунгасан, Засгийн газрын үнэт цаасны арилжааг 3 жилийн дараагаар Хөрөнгийн биржид дахин сэргээсэн, хяналт, бүртгэл болон гишүүнчлэлийн цогц журмуудыг шинэчлэн Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Монголын хөрөнгийн бирж