sonin.mn

НҮБ. /Reuters/. Хүний наймааны золиос бологсдын гуравны нэг нь 18-аас доош насны хүмүүс байна гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар мэдэгдлээ.

2010-2013 оны олон улсын хүний наймааны талаарх тайлан мэдээллийг тус газар даваа гарагт гаргажээ. Уг тайлангаас үзвэл, энэ хугацаанд 40 мянган хүн хүний наймааны  золиос болсон байна. Тэдний гуравны нэг хувь нь 18-аас доош насныхан аж.

Хүний наймааны золиос бологсдын тоо жил бүр нэмэгдсээр байна гэж НҮБ-ын тус газар мэдэгдэв. Золиос бологсдын 70 хувь нь охид, эмэгтэйчүүд аж. Тэдний олонх нь бэлгийн мөлжлөгт өртжээ.

Харин эрэгтэйчүүдийг голдуу үйлдвэрлэл болон барилгын салбарт албадан хөдөлмөр эрхлүүлэхийн тулд хулгайлж байна.  Зарим хохирогчийн эрхтнүүдийг шилжүүлэн суулгахын тулд худалдсан аж.

НҮБ-ын тус газрын мэдэгдсэнээр, нийт 152 улсын иргэн хүний наймааны золиос болжээ. Буурай хөгжилтэй улсуудын иргэдийг хулгайлан хөгжингүй улсууд руу авч явах хандлагатай байна. Хүн хулгайлж, худалдах гэмт хэргийг дарахад хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар уриаллаа.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг