sonin.mn

Горьдохын учир

Хэн нэгнийг сайд болоход хүмүүс тэднээс олигтойхон ажиллахыг л хүсэж хүлээдэг. Гэвч санаснаар болдоггүй нь харамсмаар! УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг анх боловсролын сайд болмогц юм хийхээр гайгүй залуу ирлээ гэсэн горьдлого олон хүнд төрж байсныг би ойр тойрныхноосоо харж байсан.

Яг л тэр жил С.Баярыг ерөнхий сайд болохоод хүмүүс хөөрцөглөн баярлаж, одоо л нэг зөв хүн гараад ирлээ хэмээн горьдсон шиг Л.Гантөмөрт ч бас тэгж найдсан хэрэг. Хүмүүс түүнээс тийм ч ихийг харж хүлээгээгүй л дээ, ердөө л өмнөхөөсөө, бусдаасаа арай өөр байж, боловсролд нэн шаардлагатай ажлын эхлэлийг тавих болов уу гэж итгэхийг хүсэцгээсэн, би ч бас.

Гэвч тэр бусдаас огтхон ч ялгагдаагүй, тэдний л жишгээр ажиллаж, ярьдгийг нь давтаж, "хувиа бодож, довоо шарлуулсан” нэгэн байв. Тэр улс төрийн том эрх мэдэлд хүрчхээд үнэнээсээ ажиллаагүй, ердөө л хувиа хичээж, дахин дахин сонгогдохоо л бодсон.

Түүнийг ингэж хэлэхийн учир юу вэ гэвэл тэрээр боловсрол дахь тулгамдсан асуудлууд дэс дараатай шийдвэрлэгдэж, бүх юм сайн сайхан тийш эргэж, урьд өмнө хэний ч хийж байгаагүйг хийж буй мэт өөрийгөө магтан сайрхахыг удаа дараа телевизээр харсны хувьд “энэ хүн бодит амьдралаас дэндүү хол тасарч дээ” л гэж бодогдсоных.

Ийм яриагаа тэр ихэвчлэн захиалгын сурвалжлагчид өгч бичүүлэх эсвэл бэлдсэн сэдвийн дагуу хэнтэй ч мэтгэлцэхгүй ганцаархнаа телевизээр ярьж, олон нийтэд хүргэн, өөрийгөө сонгуульд бэлдсээр байна. Гэтэл манай боловсролд тал бүрийн оролцоотой, тойрч суугаад ярилцаж хэлэлцэх хойшлуулшгүй олон сэдэв бий.

Урт, богино хугацаанд шийдвэрлэх асуудал ч зөндөө. Гэвч тэр бүх юмыг болгоод бүтээгээд байгаа юм шиг хэнэггүй ярьж бичин, боловсролын сайдын хайран хоер жилийн хугацааг өнгөрүүллээ. Амьдрал хүндэрч, салбарын ажил уруудан, хэчнээн доод цэгтээ хүрч очлоо ч хүмүүсийн горьдлого ер тасрахгүй, горьдлогоор голоо зогоосон хэвээр.

Одоо ч бас тэд засаг солигдлоо гээд дараачийн хүнд горьдлого тавьцгааж байгаа. Энэ мэтээр бидний амьд байх цаг хугацаа дөрөв дөрвөн жилээр чимээгүй хорогдож барагдсаар байх юм. Тэгээд ямар зүгээр суултай нь биш, одоо яах вэ гэж ярилцах ёстой байх.

Эндээс гарах гарц хаана байна, болж бүтэхгүй нь хүндээ байна уу, системдээ байна уу?

Муухай сонгууль

Манайд хамгийн нүгэлтэй муухай зүйл юу вэ гэж хэрэв надаас хэн нэг нь асуувал эргэлзэх юмгүй би “ээлжит сонгууль” гэж хэлнэ. Яагаад гэвэл сонгууль хүмүүсийг нэг дор бүгдийг нь хуурч мэхэлсэн, хүн чанар алдагдуулсан арга хэмжээ болж ирсэн учраас тэр.

Сонгуулийн өглөө мэндэлсэн охиндоо Сонгууль гэдэг нэр өгсөн тухай нэгэн аав ярихыг би саяхан телевизээр харчихаад “арай ч дээ” гэж бодлоо. “Муу муухайг биш, хамгийн эрхэм сайхныг сонгуулиас хүлээх ёстой” гэсэн бодлоор хорь гаруй жилийн өмнө мэндэлсэн охиндоо аав нь бэлгэшээж тийм нэр хайрласан бололтой.

Бодоод байсан чинь нээрээ л бид ийм сайхан сэтгэлээр ардчиллыг харж, ардчилсан сонгуулийг угтаж авсан санагдана.

Ерэн оноос хойш төрийн эрх мэдэл хоёр намын хүрээнээс ер гарсангүй. Удаа дараагийн сонгууль тэдэнд бараг дуртай зүйлээ хийх эрхийг нь бүрэн нээж өгсөн. Мэдээж тэд дуртайгаа хийцгээж, бас шунал нь дэндсэнээсээ болж хоорондоо ч зөндөө жийлцсэн.  Бид түүнийг нь хараад л суухаас цаашгүй.

Тэдэнд улс орондоо ажил хөдөлмөр ханхлуулсан бүтээн байгуулалт өрнүүлэх, сайн сайхан ирээдүйг цогцлоох бүрэн бололцоог ард түмэн олгосон. Гэвч тэд сайн, муу хоёрын алийг нь илуү амйв, энэ лугацаанд алдаа, ололт хоёрын аль нь их байв, эцэст нь ард түмнээ баярлуулж чадсан уу гэсэн асуултын тооцоо үлдлээ.

Хорин жилийн хойно

Хаа сайгүй байшин барилга сүндэрлэж, зам талбайд машин тэрэг багтахаа больсныг харвап Монголд гайхамшиг болоод байгаа юм шиг, алхам тутамд нэг нэгийгээ хулхидсан худал хуурмаг явдлууд жирийн үзэгдэл болтлоо дэлгэрснийг бодохоор гутармаар ч юм шиг. Үүнийг “гаднаа гяланцаг, дотроо пяланцаг” ч гэдэг.

Түр зуур хэлбэрдсэн, хүн чанар алдагдсан амьдралд хэн сэтгэл хангалуун явна гэж! Дөрвөн жилийн давтамжаар нэг л хэвийн эргэх, сайн нь бус, муу нь үргэлж ялан дийлж буй үзэгдэлт амьдралдаа бид яг л “чөтгөрийн тойрог”-т орчихоод байгаагаа харсан хэрнээ яахаа мэдэхээ больсон амьтас шиг хөөрхийлөлтэй болчихоод байгаа юм биш үү? Тэгээд ч энэ чөтгөрийн тойргоосоо тийм ч амархан гарч чадахгүйгээ бид бас мэдэж байгаа.

Хаашаа л харна вэ, дор дороо, амь амиа бодсон, байгаа байдалтайгаа эвлэрсэн хүмүүс зөндөө. Хамгийн аймшигтай нь: Тэд ямар ч засгийн газар өөрчлөгдөж солигдоод, ямар ч сайд гарч ирээд, ерөөсөө бид юу ч хийгээд нэмэргүй гэсэн арчаагүй бодолд гүн автсан, бусдыг ч бас тийм байлгаж, бүгдээрээ адилхан байвал санаа нь илүү амрах тийм хүмүүс.

Ямар ч тэмцэлгүй, дээрээс ярьсан хэлсэн болгонд итгэчихдэг, бусдын дохио зангаагаар явдаг өөрийн мэдэлгүй тийм хүмүүст эрх баригчид маш дуртай. Тэд тийм хүмүүсийг олшруулж байх далд хүсэлтэй.

Чөтгөрийн тойргоор

Аль ч ард түмэнд язгуур эрх ашиг гэж бий. Тэр нь төрийн бодлогоор илэрхийлэгдэж, ард түмнийхээ эрх ашгийг тасралтгүй хангаж байхаар томьёологдсон байх учиртай. Сонгууль бол энэ ажлыг хамгийн сайн хийх хүмүүсээ эрж хайж, сонгож буй хэрэг юм.

Ийм л хялбар, ойлгоход түвэггүй амархан тогтолцоо харин манайд цөөнх баяжиж, дийлэнх ядуурах механизм болтлоо гажуудан муруйжээ. Сайн юманд биш, муу юмандаа сайн, чөтгөр шиг хүмүүс тэр тогтолцоог ийм болтол өөрчилсөн хэрэг.

Чөтгөрийн энэ дүр төрх бидэнд харин ердийн үзэгдэл мэт энгийн санагдах болсон. Тийм учраас сонгох эрхээ эдэлж, санал өгнө гэдэг бидний хувьд чөтгөр шүглэсэн амьдралын хүрдийг ээлжит сонгуулиар чөтгөрүүдийн гарт ээлж дараалан атгуулж, санаа амарсан юм шиг сайн дураараа сайн сайхан амьдарч болох өдрүүдээсээ хороож байна гэлтэй. Уг нь бид чөтгөртэй “тоглоом’’-д тэгтлээ оролцоод явах албагүйсэн.

Сонгуулийн еэвэн

Сонгуулийн амлалт бол хүн хуурах өгөөш гэдгийг өнөөдөр ямар ч тэнэг нь ойлгохтойгоо болсон баймаар. “Өөхөнд боосон чулуу” бидэнд хоол болохгүй гэдгийг эрхбиш ойлгомоор юм. Гэтэл тийм өгөөшийг ард түмэнд зориулсан төрийн хайр халамж хэмээн ойлгож, сонгогдсон нам, сонгогдсон гишүүдээс “амлалтаа заавал биелүүл” гэж шаардах нь хүмүүс өөхөнд боосон чулууг залгиж, амиа хорлоё гэснээс өөрцгүй.

Сонгуулийн амлалт бол Л.Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө кинонд гардаг шиг сонгуулийн өмнө нэг талыг нь харуулж байгаад сонгуулийн дараа нөгөөхийг нь харуулах “еэвэн” шиг болжээ. Амьдралын хөрс шорооноос ургаагүй, ямар ч ул үндэс, тооцоо судалгаагүй амлалтууд намын уриа лоозон болж, сонгуульд ялагч, сонгогч хоёр түүндээ үнэмшээд, түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлэх гэж явж ирлээ.

Амлалт хэчнээн сайхан тусмаа амьдралаас төчнөөн хол зөрдөг нь миний мэдэх боловсролын салбарт л лав тод харагдана. Намуудын сонгуулийн олон амлалтаас би уншиж ойлгох гэж хичээн, амьдралд хэрэг болчихоор зүйл олох гэж эрж хайдаг.

Хүмүүсийн ихэнх нь сонгуулийн амлалтанд яаж хууртаж байгаагаа мэддэггүй, мэдсэн нь дуугардаггүй учраас бидний амьдрал болоод байгаа юм шиг хэвийн үргэлжилсээр. Бид юу горьдож, юуг хүлээж сууна вэ?

Хоёрхон жилийн дараа Монголын боловсрол Кембрижийн хөтөлбөрт орох байсан юм. Харин одоо тэгж харагдаач.

Л.Гантөмөр гэдэг энэ залуу хоёр жил гаруй сайд хийхдээ Монголын боловсролд чухам юу хэрэгтэйг ойлгож чадаагүй явааг цөөхөн хүн л гадарлахаас биш, энэ салбарын ихэнх нь урд урдахаа л бодсоор, засгийн газар нь ч хэвлэлийнхэнтэй эвийн гэрээ байгуулж, амыг нь барьсан тул бүх юм чимээгүй урсана.

Сайдын хийж буйг үнэн зөвөөр дүгнэж цэгнэх газаргүй учраас хэвлэл мэдээллээр юу гарна, хүмүүс түүнд итгэж үнэмшинэ. Ажилдаа санаа тавьж шаналсан дүртэй Гантөмөрийг тэр дүрээр нь ойлгож, ажил төрлийг нь ч бас тэгж төсөөлнө. Хэвлэл мэдээллээр юуг ч, яаж ч худал ярьж болно гэсэн тэдний цагаандаа гартлаа даварсан занг мэдэхгүй олон хүн ярьж хэлж байгаад нь амархан үнэмшдэгтэй энэ бүхэн холбоотой.

“Болж    байна, бүтэж байна, би мундаг, манай намын зөв” гэсэн улс төрийн сонгуульд ялах гол арга механизм нь болж, энэ нь сонгогчдыг хуураад зогсохгүй улс орныг ч тамирдуулж байна. Эндээс л эхтэй худап хуурмаг бүхэн амьдралыг нөмөрч, худал бүхэн үнэний байрыг , эзэлчихжээ.    

Ардчилсан намын боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” гэсэн гоё нэртэй худлаа хөтөлбөрүүд агуулгын ямар ч өөрчлөлт авчрахгүй, харин улсын төсвөөс олон тэрбум төгрөг зарах том том тендерийн нэр л болж боловсролын түүхэнд үлдэнэ.

Бид энэ бүх худал хуурмагтай тэмцдэггүй юм аа гэхэд ядахдаа төрийн эрх баригчдад итгэж, тэднээс эцэс төгсгөлгүй горьдож суухаа больцгоох цаг болсон, горьдлогоо тасалья.

Р.Энхбат