sonin.mn

Монгол Улсаас Швед Улсад суугаа Элчин сайдын яам Монголын A & U M компани, Финландын Тампере мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, тус улсын Arctic Finland House компанитай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 19-нд Финланд Улсын Тампере хотноо Монгол-Финландын Бизнес уулзалтыг зохион байгуулав.

Энэхүү Бизнес уулзалтад ЭСЯ-ны Зөвлөх Х.Көкен, Монгол Улсаас Финланд Улсад суугаа Ерөнхий Өргөмжит консул Хенрик Янкес, Тампере мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Маркус Шөлүнд, A & U M компаний Ерөнхий захирал Аки Пакаринен, тус компаний Гүйцэтгэх захирал А.Тунгалаг, Тампере-гийн насанд хүрэгчдийн боловсролын төвийн менежер Пайви Пуутио, Learning Scoop сургалтын байгууллагын дарга Эллимайа Ахонен, Arctic Finland House компани, Ollikainen Hirsirakenne компаний төлөөлөгчид болон бусад төлөөлөгчид оролцов.        

Бизнес уулзалтын үеэр ЭСЯ-ны Зөвлөх Х.Көкен Монгол Улсын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийж, танилцуулав.

Мөн Финландын компаниуд өөрсдийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулав. Тухайлбал,  Arctic Finland House компани жилд 1000 орчим модон байшин (Grill house) барьж, дэлхийн 20 гаруй оронд экспортлодог ба A & U M Монголын компани тус компанитай хамтарч энэ жил Монгол Улсад 25 модон байшин нийлүүлжээ. Энэхүү модон байшин нь 6 ханатай, 15-25 орчим хүний багтаамжтай, Грилийн болон Сауны загварын, аялал жуулчлал, зуслангийн зориулалтаар ашиглахад зориулагдсан ажээ.

Мөн Бизнес уулзалтын үеэр Монгол бахархлын өдөр ба Чингисхааны төрсөн өдөр 11 дүгээр сард тохиож байгааг холбогдуулан Монголын тухай гэрэл зургийн товч цомог, аялал жуулчлалын танилцуулга гаргаж, монгол дуу сонсголоо.

Уулзалтад Тампере-гийн насанд хүрэгчдийн боловсролын төв, Learning Scoop сургалтын байгууллагын албаны хүмүүс оролцсон ба эдгээр байгууллагууд боловсролын салбарт, бага, дунд сургуулийн багш нарыг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж байв.

Финландын Тампере хотод амьдардаг Монголын иргэн, A & U M Монголын компаний Гүйцэтгэх захирал А.Тунгалаг, A & U M компаний Ерөнхий захирал Аки Пакаринен нар энэхүү Бизнес уулзалтын бэлтгэлийг хангахад идэвхтэй оролцож, уулзалтыг зохион байгуулах ажилд бүхэлд нь оролцов.

Дашрамд сонирхуулахад Тампере хот нь Хельсинк хотоос хойш 180 гаруй км-т байрладаг, Финландын гурав дахь том хот, оюутны хотхон, Тампере муж нь Финландын эдийн засгийн хоёр дахь том муж, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар улсын хэмжээнд өндөр хөгжсөн ажээ.    

Ийнхүү энэ удаагийн арга хэмжээ нь Монгол орноо сурталчлах, гадаадын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхийг уриалах, монголын түүх, соёл, зан заншлыг таниулан сурталчлахад ихээхэн ач холбогдолтой болов.