sonin.mn

УИХ-ын нэр бүхий гишүүн, бизнесмэнүүд зочид буудалд мөрийтэй тоглож байсныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан /ЗБГХТГ/ илрүүлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ.

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт Баянгол дүүрэгт байрлалтай “Вояж" зочид буудалд УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группын захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хүмүүс мөрийтэй тоглож байгаад ЗБГХТГ-ынханд “гардуулжээ”.

“Барс" худалдааны төвийн ард байрлалтай “Вояж” зочид буудал нь Д.Зоригт гишүүний эхнэрийнх нь нэр дээр байдаг аж. Цагдаагийн газраас хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэхээс өөр тайлбар одоохондоо хэлэхгүй байна. Өнөөх гишүүний бүрэн эрхийн асуудпыг хөндөх учраас цагдаагийн байгууллага яаран ам нээхгүй нь ойлгомжтой.

Тэднийг одоогоор гадуур байцааж байгаа юм байна. УИХ-ын гишүүдийн дундаас хөрөнгө, орлогоороо толгой цохидог хүний тоонд Д.Зоригт гишүүн зүй ёсоор багтдаг. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, сонгогдсон. Херөнге, орлогын мэдүүлэгтээ “Одод”, “Асуу”, “Миг даатгал”, “Кимон”, “Реалтор”, “Нэмнэ”, “Мэдуб”, “Новинза”, “Эф Эйч Ди", “Эм Си Эс цамхаг” болон “Хайлааст”, “Гермес”, “Багануур”, “Орхон булаг”, “Орхон хөгжил” ХК-иудын хувьцааг эзэмшдэг.

Жилийн орлого нь нэг тэрбум 244 сая 499 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 110 сая 604 мянган төгрөг. Хадгаламждаа нэг тэрбум 270 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байна. Иймд өчигдрөөс УИХ-ын гишүүн хоёр Зоригтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шуугиж эхлэв.

Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан учраас Д.Зоригтыг, харин М.Зоригтыг Засгийн газар төмөр замын царигийн асуудал ярьж байх үеэр сонгогчдын утасны дугаар руу санал асуулга, ухуулга нь үл мэдэгдэх мессеж илгээсэн байж болзошгүй гэх үндэслэлээр ТЕГ-аас дуудаж байцаалт авсан учраас нийгэм ийнхүү хардаж байгаа бололтой.

“Мобиком” мессеж илгээсэн эздийг олсноо зарласан хэдий ч хэн гэдгийг өдгөө хүртэл хав дарсан хэвээр. ТЕГ ч мөн адил мессеж илгээсэн хүн нь УИХ-ын гишүүн болохыг тогтоосон” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.

Тодруулж асуухаар “Хэргийг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг. Энэ хэрэгтэй холбогдуулан гишүүн М.Зоригтын туслахыг ТЕГ-аас дуудаж, байцаалт авсан тухай жиргээний ертөнцөөр шуугисан. Мөн амралтын өдрөөр М.Зоригт, гишүүн рүү ТЕГ-ын дарга утсаар удаа дараа залгаж, залхаасан талаар тэрбээр жиргэж байсан юм.

Энэ талаар УИХ дахь АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тухайн үед тодруулахад “Бид Бүлгийн хурал дээр энэ тухай ярилцсан. Ганцхан М.Зоригтын биш, хэд хэдэн гишүүний туслахыг дуудаж уулзсан юм билээ. Тэгвэл М.Зоригт гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Тагнуулын ерөнхий газрын дарга дахин дахин залгаад байх юм. Дуудагдмааргүй байна. Амралтын өдөр шүү дээ. Тагнуулын ерөнхий газар

Н.Алтанхуягийн хувийн хамгаалалтын алба биш л дээ. Дургүй улсаа дуудуулж, дарамталж, сүрдүүлдэг газар бүр ч биш” хэмээжээ. Түүнчлэн амралтын өдрөөр тагнуулынхан дуудсан явдлыг тэрбээр Н.Алтанхуяг сайдыг огцруулахаар АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гарсантай ч холбон тайлбарласнаар намжсан юмдаг.

Харин Д.Зоригтын хувьд ЗБГХТГ-ынх- ны эргүүлийн хавханд өртөж, үйлдэл дээр нь барьсан бололтой. Тиймээс хуулийн байгууллага эдгээр гишүүний гэм буруутайг тогтоосон бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй гэх бор шувууг нисгэж байна. Үнэн хэрэгтээ өмнө нь УИХ-ын гишүүдтэй холбоотой авлига, хээл хахууль, идсэн уусан, танхайрсан хэргийг хуулийн байгууллага шалгах гэдэг ч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх хүрээнд замхарч оддог зуршилтай.

Харин УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой хоёр зүйл заалтыг нэмсэн юм. Нэгдүгээр заалт нь УИХ-ын гишүүнийг гэмт хэргийн газар үйлдэл дээр баривал бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалт бий.

Тухайлбал УИХ-ын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн гуравдугаар зүйлийн 6.9.1-д “УИХ-ын гишүүн гэмт хэргийн үйлдэл дээрээ    баригдвал ажлын    хоёр хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.

Энэхүү заалт дээр эрхэм гишүүд чамгүй санал зөрөлдөж байсан юм. Гишүүд нэгдүгээр заалтыг дуу нэгтэй дэмжиж байсан юмдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж байгаад баригдвал эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэж байв. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Д.Зоригт гишүүн байсан л байж таарна.

Мөн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд энэ талаар тодорхой тусгаж өгсөн байгааг хуульчид хэлж    байна. Хуульчдын хэлж байгаагаар “Д.Зоригтын асуудал үнэн бол УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бүрэн үндэслэлтэй” гэв. Мөн түүний хувьд 2012 оны сонгуулийг будилуулсан асуудлаар олны хэл үг болж байв.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: