sonin.mn

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээл жигдэрсэн ч анги танхим хүрэлцэхгүй, багш, мэргэжилтэн дутмаг, сурах бичгийн хүрэлцээ хангалт муу байгааг эцэг, эхчүүд онцолж байна. Энэ нь хүүхдийн сурлага, хүмүүжил, зохих төвшний боловсрол эзэмшихэд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Саяхан дүүгээ сургуулиас нь авахаар хүлээх зуур хэсэг хүүхэд хоорондоо ийнхүү ярихыг сонсов. Тэд долдугаар ангийн сурагчид бололтой. Гэрийн даалгавраа хамтарч хийсэн тухайгаа “Тавуулаа дундаа нэг сурах бичиг ашиглахад төвөгтэй байна. Багш нар гэрийн даалгавраа цагтаа шалгах нь бүр хэцүү. Ангийнхныхаа дунд багшид загнуулахгүйн тулд болсон болоогүй нэг юм хийдэг. Заримдаа даалгавраа хийсэн нэгнээс хуулдаг” хэмээн ярицгаах юм.

Энэ яриа хүүхдүүдийн хооронд байдаг энгийн л зүйл мэт санагдах биз. Гэтэл Монголын ирээдүй болсон сурч боловсрох насны хүүхдүүд өөр хоорондоо ийнхүү зовлонгоо ярилцаж зогсоог харахад харамсалтай санагдсаныг нуух юун. Энэ мэт шалтгаанаас үүдэн сурагчид гэрийн даалгавраа хийх, цаашлаад өөрсдөө бие дааж сурах чин хүсэл, эрмэлзэлгүй болох магадлалтай. Жил болгон хэдэн мянган сурах бичиг хэвлэн гаргадаг ч тэр бүр хүрэлцдэггүй нь нууц биш.

Эцэг, эх ил задгай номын худалдаа, дэлгүүрээр явж ном, сурах бичиг худалдан авч өгөх тохиолдол элбэг. Зарим тохиолдолд худалдаж авсан сурах бичиг нь стандартад нийцэхгүй үе ч гардаг. Жил бүр сурах бичгийн сонгон шалгаруулалт зарлаж, цөөн хэдэн байгууллага илүү эрхтэйгээр хэвлүүлдэг. Ингэхдээ тэд сурагчдын эрх ашгийг бус өөрсдийн орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаардаг гэхэд буруудахгүй. Үүнээс үүдсэн сурах бичгийн хомсдол сурагчдын сурч боловсроход муугаар нөлөөлөх төдийгүй эцэг, эхийг ч хүнд байдалд оруулах болжээ.

Д.Нэргүй

Эх сурвалж: