sonin.mn

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 0-9 насны хүүхдүүд өвчлөх нь ихэссэн байна

2014 оны 11 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72294 хүн хамрагдсанаас 7064 хүн буюу 9.8 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ.

Томуу, томуу төст өвчин нь Сонгинохайрхан дүүрэгт 3.5 хувь, Баянгол дүүрэгт 2.4 хувь, Хан-Уул дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсөдийн дийлэнх буюу 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2013 дуудлага ирсний 898 тохиолдол буюу 44.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байжээ.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвар 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 206 тохиолдлоор нэмэгджээ

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвараар 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна.

Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 4 шинэ тохиолдол, 8 нас баралтаар нэмэгджээ.

Саудын Арабад Коронавируст халдвараар 331 хүн нас баржээ

Саудын Арабад 11 дүгээр сарын 21-ний өдөр Коронавируст халдвараар 5 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Одоогоор дэлхий дахинд тус халдвараар өвчилсөн нийт 909 тохиолдол бүртгэгдэж, 331 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Нидерландад өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн халдвар гарлаа

Нидерланд улсын шувууны аж ахуйд өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн халдвар бүртгэгдлээ. Тус шувууны фермд нийт 10,000 шувуу байснаас 500 шувуу нь тус халдвараар өвчилсөн болох батлагдсан байна. Тиймээс фермийн бүх шувууг устгалд оруулсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв