sonin.mn

НҮБ. /Xinhua/. Афганистанд болсон гар бөмбөгийн тэмцээний үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж наад зах нь 50 энгийн номхон иргэн амиа алдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн эрс буруушаажээ.

Олон нийтийн спортын арга хэмжээг үзэж байсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү халдах нь Афганистан болон олон улсын хуулийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй, тэвчихийн аргагүй зүйл боллоо гэж Бан мэдэгдэлдээ дурдсаныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Афганистаны зүүн өмнөд нутгийн Пактика аймгийн Яхья Хель дүүрэг дэх спортын талбайд гар хийцийн тэсрэх бөмбөгийг 11 дүгээр сарын 23-нд амиа хорлогч дэлбэлсэн. Гар бөмбөгийн тэмцээнийг үзэхээр очсон 50 орчим хүн газар дээрээ амиа алдаж, 60 хүн шархадсан байна. Мэдээгээр, олон хүүхэд амиа алдаж, шархадсан гэжээ.

Амиа алдсан болон хохирол амссан хүмүүсийн гэр бүлд Бан Ги Мүн гүн эмгэнэл илэрхийлж, ийм айдаст халдлагыг эсэргүүцэх Афганистаны ард иргэдтэй эв санаа нэг байгаагаа мэдэгджээ.

Мөн тэрбээр, энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг яаралтай баривчлах болно гэжээ.

2009 оноос хойш энэ жил Афганистанд энгийн номхон иргэд  хамгийн олноороо амиа алджээ. Энгийн номхон иргэдтэй холбоотой хохирол өсөн нэмэгдэж буйг Афганистан дахь НҮБ тусламжийн баг бүртгэж авчээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: