sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын Миссури муж улсын Фергюсон хотод 18 настай, африк гаралтай америк Майкл Брауныг өнгөрсөн зун буудан хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг яллахгүй байх тангарагтны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн эсэргүүцлийн ажиллагаа тус улсад үргэлжилсээр байна.

Фергюсон хотын дагуул хот болох Сент-Луист жагсагчид төв гудамж, авто зам болон хотыг Иллинойс муж улстай холбодог Миссисипи мөрөн дээгүүрх гүүрний хөдөлгөөний хэдэн цагаар хаажээ. Цагдаа нар хэд хэдэн хүнийг баривчилж, халуун чинжүүн хий ашиглахаас аргагүйд хүрсэн байна.

Нью-Йорк хотод хэдэн мянган жагсагч Таймс-сквер талбай болон талбайтай залгаа гудамжинд цуглажээ. Тэдний дийлэнх нь “Битгий бууд!” гэж бичсэн зурагт хуудас барин гараа өргөн зогсож байв. Энэ үгийг тохиолдлоор сонгоогүй байна. Хэд хэдэн гэрчүүдийн хэлснээр, цагдаагийн ажилтан Брауныг буудах үед тэрбээр гараа өргөн зогсож байжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод урьд нь мягмар гарагт Нью-Йорк хотын Манхэттен болон Бруклин дүүргийг холбодог алдарт Бруклиний гүүрийг хэсэг хугацаанд хаасан байна. Үүнээс гадна, хотын цагдаагийн дарга Уильям Брэттон руу улаан будаг цацсаны дараа эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын нэгийг баривчилжээ.

“Хар арьстан байх нь гэмт хэрэг биш гэдгийг эрх баригчид эцсийн эцэст ойлгоосой гэж бид хүсч байна. Улс оронд  ямар нэг зүйл өөрчлөгдөх хүртэл Майкл Браун шиг хэчнээн залуус амиа алдах ёстой вэ?” гэж Нью-Йорк хотод эсэргүүцлийн ажиллагаанд оролцож буй африк гаралтай америк залуу дургүйцэн хэлжээ. Тэрбээр гартаа “Бидний хүүхдүүдийг хөнөөхөө зогсоо!” гэж бичсэн зурагт хуудас барьсан байв.

Нью-Йорк хотын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Тус хотыг Нью-Жерси муж улстай холбодог Гудзон мөрний доогуурх автомашины хонгилыг жагсагчид хаахыг оролдож магадгүй гэж эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа мөн Чикаго, Филадельфи, Лос-Анжелес, Сан-Франциско болон бусад хотод АНУ даяар болж байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр, 50 муж улсаас нийтдээ 37 нь эсэргүүцлийн ажиллагааны давлагаанд автжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: