sonin.mn

Сар бүр зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

Ургац хураалт амжилттай дууслаа. Урьдчилсан байдлаар 491 мянган тн үр тариа хураан авсан нь өмнөх жилүүдэд гараагүй амжилт боллоо.

Хөвсгөл, Увс, Ховдын дулааны станцууд өнгөрсөн сард ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрч хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхлээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ажил дууссан, удахгүй цахилгаан эрчим хүчинд холбогдоно.

Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийг амжилттай холболоо. Дорнод аймгийн замын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс гэрээт хугацаандаа орсонгүй, ирэх онд ашиглалтад оруулна.

Ашиглалтад орсон замуудыг улсын комисст хүлээлгэн өгч, орон нутгийн өмчит АЗЗА-д шилжүүлэх ажлыг холбогдох яам, орон нутаг хамтран зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

2015 оны төсвийн онцлогийн талаар Ерөнхий сайд товч танилцуулахдаа аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд бүх шатны төсвөөс санхүүждэг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд болон орлогч дарга, орон тооны зөвлөхгүй байна гэлээ.

Орон нутгийн төсвийн орлогыг УИХ-аас баталсан татварын хувь хэмжээний доод хязгаараар тооцсон. Орон нутаг өөрийн онцлог байдалтай уялдуулан хуулиар эрх олгогдсон зарим татварын хувь хэмжээг өсгөж тогтоосноор орон нутгийн төсвийн нийт орлогыг бүрдүүлэх юм. Энэ эх үүсвэрээс орон нутагт 51,7 тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх боломжтой болсон байна.

Цахим хуралд зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож, аймгуудын удирдлагын асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.